“Багш оюутны долоо хоног” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Хотын соёлтой танилцах” үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ 2014 оны 10 дугаар сарын 07-нд TV зааланд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд ШУТИС-ийн ОХОНХ проректор доктор, дэд профессор Т.Намнан, БУХС-ийн хүмүүнлэгийн салбарын эрхлэгч доктор, профессор Н.Галиймаа, ЗЦГ-ийн урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат, тус хэлтсийн мэргэжилтэн Х.Одбаяр, НСУГ-ын дарга Б.Батцэнгэл, НСУГ-ын урлаг, уран сайхны хэлтсийн дарга М.Мөнхсайхан нар оролцлоо.

Тус арга хэмжээний талаарх ерөнхий мэдээлэл зорилго чиглэлийн талаар ОХҮА-ны ахлах мэргэжилтэн, албаны дарга хавсран гүйцэтгэгч Д.Цогзолмаа ШУТИС-д шинээр элсэн орж ирсэн оюутнууддаа зориулсан “Багш оюутны долоо хоног” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Танд тусалъя” арга хэмжээ, нээлттэй өдөрлөг, бүрэлдэхүүн сургуулиуд шинэ элсэгчидэдтэй уулзах уулзалтуудын талаар товчхон танилцуулж, Монголын түүхийн хичээлээр дамжуулан 2014 оны 10 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийт 25 цагийн лекцийг 14 багшаар 3500 орчин оюутанд хотын соёлын талаарх ерөнхий ойлголтыг хүргэхээр Нийслэлийн замын цагдаагийн газар, соёл урлагийн газруудтай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тус арга хэмжээг нээж ШУТИС-ийн ОХОНХ проректор доктор, дэд профессор Т.Намнан үг хэлж “Багш оюутны долоо хоног” хөтөлбөрийн арга хэмжээ нь элсэгчидэд чиглэж байгаа томоохон арга хэмжээ болох талаар тодорхойлон хэлээд оюутнуудад хувь хүний хөгжил чухал асуудал болж байгаа. Иймд ШУТИС-ийн зүгээс оюунуудад чиглэсэн нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагааг “Оюутанд үзүүлэх үйл ажиллагааны нэгдсэн хуанлид” тусган оюутан та бүхэнд хүргэж байгаа талаар ярьж сайн сурч, сайн хөгжих хэрэгтэйг хэллээ.
ЗЦГ-ийн урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Э.Бөхбат оюутнуудад, залуучуудад чиглэсэн энэ том арга хэмжээг зохион байгуулж буй ШУТИС-ийн удирдлага, хамт олонд баяр хүргээд оюутнууд та бүхэн замын хөдөлгөөний дүрмээс өөрт хэрэгтэй зүйлийг мэдээд авахад илүүдэхгүй мэдсэн мэдлэгээ боловсруулаад өдөр тутамын амьдралдаа хэрэгжүүлж гэр бүл, найз, нөхөд ах дүүдээ зааж өөртөө хэвшил болгох хэрэгтэй гэдэг талаар уриалж. ШУТИС нь эрүүл саруул оюутан элсүүлж авсан бол эрүүл саруул мэргэжилтэн төгсгөх үйл ажиллагаандаа анхаарал хандуулан энэхүү хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлж байгаад талархал илэрхийллээ.
НСУГ-ын дарга Б.Батцэнгэл оюутан залуус та бүхэн их хотын эзэд тиймээс та бүхэн ямар хотод амьдрах нь та бүхний асуудал гэхдээ та эрхээ эдэлж үүргээ сайн биелүүлж идэвхи зүтгэлтэй зөв амьдрах талаар ярьж, оюутнуудыг үүрэг оролцоогоо нэмэгдүүлэх талд анхаарах хэрэгтэйг зөвлөлөө.
Ингээд энэ цагийн цуврал лекцийг Монголын түүхийн багш Ц.Бямба-Очир нийслэлийн түүхийн талаар, ЗЦГ-ийн урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Х.Одбаяр “Замын хөдөлгөөн бидний амьдралд” видео лекц, НСУГ-ын урлаг, уран сайхны хэлтсийн дарга М.Мөнхсайхан “Хотын соёлд залуусын оролцоо” сэдэвт лекцүүдийг тус тус уншлаа.
Энэхүү арга хэмжээг өргөжүүлэн нийт оюутан залуус, нийгэмд телевиз, олон нийтийн хэрэгслэлээр хүргэх ажлыг НЗЦГ, НСУГ-тай хамтран багш, оюутнууд, оюутны байгууллагатй хамтран семинарын хичээлээр зохион байгуулахаар төлөвлөж байна.