Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулган болж өнгөрлөө
Эрүүл мэндийн яам, Монголын Эмнэлгийн Инженерчлэлийн Нийгэмлэг, “Мишээл групп”, ШУТИС хамтран “Эрүүл мэндийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм-2014” үзэсгэлэн, Эрүүл мэндийн сайдын ивээл дор “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулган”-ыг 2014 оны 09 дүгээр сарын 26-28-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгууллаа.
Тус чуулганд оролцсон 200-аад төлөөлөгчдийн 90 орчим хувь нь ШУТИС-ийн ЭХС-ийн Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр төгсөгч инженерүүд байлаа. Чуулганд Эрүүл мэндийн  Сайд Н.Удвал, ШУТИС-ийн проректор Х.Энхжаргал, ЭХС-ийн Цахилгаан техникийн тэнхмийн эрхлэгч Ч.Нацагдорж, МЭИН-ийн тэргүүн Б.Энхжаргал, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн багш Д.Пүрэвдаш, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Ц.Ононтуул нар оролцсон байна. Эрүүл мэндийн сайд уг чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Энэхүү чуулган Шинэчлэлийн Засгийн газрын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого ид эрчимтэй хэрэгжиж байгаа энэ үед болж байгаагаараа онцлог юм. 2014 онд улсын төсвийн 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулж, тоног төхөөрөмжөөр хангах ажил эрчимтэй явуулж байна. Өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 40 гаруй орны 170.000 орчим тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байна. Энэ том дэд бүтцийг авч явах, хөдөлгөгч хүч нь энд цугларсан эмнэлгийн инженерүүд та бүхэн юм. Урьд өмнө эрүүл мэндийн салбарын бодлогоос эмнэлгийн инженерүүд орхигдож, хавсарга маягаар явж ирсэн энэ алдааг засна. Цаашид эмнэлгийн инженерүүдээ эмнэлгийн үндсэн ажилтны жишигт анхаарч, ажиллахаа амлаж байна” гэлээ. Мөн Эрүүл мэндийн салбарыг өдий зэрэгтэй авч яваа инженер техникийн ажилтнууддаа тэр тусмаа эдгээр мэргэжилтнүүдийг бэлтгэсэн ШУТИС-д баярлаж талархснаа илэрхийллээ.
Тус яамны сайд Н.Удвал чуулганы нээлтийн үеэр тэргүүний инженерүүдээ “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан”, ЭМЯ-ны Жуух бичиг зэрэг шагналаар шагнав.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн хоёрдугаар чуулганы үеэр инженерүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн олон илтгэлүүд тавигдаж эмхэтгэл хэвлэгдсэн болно.