2014.12.18
ШУТИС-ийн ГХХА-ны проректор П.Жаргалтуяа тэргүүтэй төлөөлөгчдийн ОХУ-ын их сургуулиудад өнгөрсөн 11 дүгээр сарын 19-26-нд хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд ОХУ-ын Москвагийн Барилгын улсын их сургууль (МИСИ), Уралын (федеральный) их сургууль (УрФУ)-ийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа.
2014 оны 12 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд ОХУ-ын Москвагийн Барилгын улсын их сургуулийн Гадаад харилцааны проректор Др.Элена Гогина, төвийн захирал Проф. Борис Моханов нар манай сургуульд ирж, Ректор Б.Очирбат болон бусад удирдлагуудтай хоёр их сургуулийн цаашдын хамтын ажиллагааны талаар уулзалт хийж, хамтын ажиллааны гэрээг шинэчлэн гарын үсэг зурлаа.
Мөн 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд ОХУ-ны анхны ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Уралын их сургуулийн нэгдүгээр проректор Др.Матерн Анатолий Иванович манай сургуульд ирж, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянцогтоо, ректор Б.Очирбат, сургалтын проректор Х.Энхжаргал, ГХХА-ны проректор П.Жаргалтуяа, ЭХС-ийн захирал Ж.Мангалжалав, дулааны инженерийн тэнхимийн проф. академич С.Батмөнх болон бусад багш нартай уулзан, металлург, эрчим хүч, дулааны инженерийн салбарт сургалтын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх ШУТИС-ийн оюутнуудыг Уралын (федеральный) их сургуульд магистрантурт сургах талаар ярилцав.
Энэхүү айлчлалын үеэр Др.Матерн Анатолий Иванович УрФУ-ийн үе үеийн төгсөгчид, өөрийн шавь нартай уулзаж санал бодлоо солилцлоо. Дашрамд дурьдахад Монгол Улс, ОХУ-ын хоорондох найрамдалт харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Др.Матерн А. И.-г “Алтан гадас” одонгоор шагнажээ.