Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2014/15 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын 73, магистрын 35 дахь удаагийн төгсөлт 2015 оны 1 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн төгсөлтөөр магистрын 69 мэргэжлээр 288, бакалаврын 160 мэргэжлээр 1308 үүнээс онцлох дипломтой 17, дипломын зэрэгтэй 46 оюутан төгсөн гарч байна.
Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, ШУТИС-ийн тэргүүн проректор Д.Батчулуун, проректор Х.Энхжаргал, Ч.Баасандаш, Т.Намнан болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, тэргүүлэх профессорууд оролцлоо. Төгсөлтийн ёслолын ажиллагааг проректор Х.Энхжаргал нээж үг хэлж, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянцогтоо нийт төгсөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүллээ.

Түүнчлэн энэ удаагийн төгсөлтөөр 65 настай Н.Нямжав гуай Барилга архитектурын сургуулийг Сантехник, инженерийн байгууламж мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж байна. Сургуулийн удирдлагын зүгээс Н.Нямжавд хүндэтгэл үзүүлэн ийнхүү магистрын диплом гардуулах арга хэмжээнд түүнийг онцгойлон урин оролцуулж бакалаврын зэргийн дипломыг нь Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянцогтоо гардуулан өглөө. Тэрбээр, ШУТИС-ийг МУИС-ийн харьяанд байх үед барилгын мэргэжлээр суралцаж байсан ч гуравдугаар курсээсээ гадаад руу явуулах хүүхдүүдийн тоонд шалгарч Орос, Чэх улсад гадаад харилцааны мэргэжлээр ажилласан бөгөөд тэтгэвэртээ суусны дараа ийнхүү эхлүүлсэн мэргэжлээ зуун дамнан төгссөн байна.
Мөн нийт төгсөгчидөд баяр хүргэж Монгол Улсын гавьяат багш, Геологи, уул уурхайн сургуулийн профессор Д.Чулуун үг хэллээ.
Нийт төгсөгчиддөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.