ШУТИС-ийн Удирдах зөвлөл Захиргааны бүтцийг шинэчлэн баталлаа
     ШУТИС-ийн Удирдах зөвлөл шинэчлэн зохион байгуулагдаж 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хуралдлаа. Тус хурлаар ШУТИС-ийн олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. ШУТИС-ийн Удирдах зөвлөл тус их сургуулийн захиргааны бүтцийг шинэчлэн баталж, 2015 оны 04 сарын 01-ээс мөрдөхөөр тогтоожээ. ШУТИС-ийн захиргааны бүтцийг ажил үүргийн давхардлыг арилгах, орон тоо зардлыг хэмнэх, оновчтой болгох үүднээс ШУТИС-ийн Ректорын тушаалаар ажлын хэсэг байгуулан холбогдох судалгааг хийж санал боловсруулан их сургуулийн Ректорын зөвлөл, Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Удирдах зөвлөлд оруулж батлуулсан байна. Шинэчилсэн бүтцээр ШУТИС-ийн 5 проректорыг 4 проректор, 5 газар, 6 албыг, 1 газар 8 алба болгон өөрчлөн зохион байгуулахаар болжээ.  
       Мөн тус хурлаас ШУТИС-ийн БуХС-ийг түшиглүүлэн Бизнесийн ахисан түвшиний сургуулийг шинээр байгуулах шийдвэр гаргасан байна. ШУТИС-ийн Судалгаанд суурилсан их сургууль болох зорилгыг хэрэгжүүлэх, Ахисан түвшний хөтөлбөрийг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх зорилгоор тус сургуулийг Монгол Улсад анх удаа байгуулж байгаа юм. Түүнчлэн Удирдах зөвлөл ШУТИС-ийн 2015 оны төсвийг баталж, хичээлийн 8-р байрыг шинээр барих болон Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуульд 2015 онд бакалаврын хөтөлбөрөөр элсэлт авах хүсэлтийг дэмжжээ.
 
Хурлаас гаргасан шийдвэрийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.