МОСКВАГААС ШИНЭ НОМ ИРЛЭЭ

ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн захиргаа, Москвагийн Барилгын их сургууль, АСБ хэвлэлийн газрын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу монгол-оросын эрдэмтэдийн хамтын бүтээлийг хэвлэж байхаар шийдвэрлэсэн билээ.

Хамтын ажиллагааны гэрээний дагуу Москвагийн “Архитектуно-Строительный Бюллетень” хэвлэлийн газраас монгол-оросын эрдэмтэдийн олон жилийн хамтарсан судалгааны үр дүнд бичигдсэн 2 номыг хэвлэж БИАС-ийн захиргаанд ирүүлснийг тус сургуулийн захиргаанаас шинжлэх ухаан, технологийн төв номын санд шилжүүлэн өглөө.


Эхний ном нь доктор, профессор В.Н.Ткачёвын бичсэн “История монгольской архитектуры”(Монголын архитектурын түүх) ном юм. Энэ номонд монголын архитектурын түүхийг багтаасан, эртний буюу МЭӨ III зуунаас XX зууныг бүхэлд нь хамруулсан 6 бүлэг оруулсан нэг сэдэвт томоохон бүтээл юм.
Профессор Валентин Никитович Ткачев бол 1974 онд Москвагийн Барилгын Инженерийн дээд сургуулиас Политехникийн дээд сургуульд Архитектурын салбыарыг үүсгэн байгуулахад туслахаар ирж ажиллаж байсан эрдэмтэн хүн вм. Тэрээр монгол нутагт судалгааны олон удаагийн экспедицэд оролцож материал дээрээ тулгуурлаж энэ бүтээлийг туурвисан байна.


Хоёр дахь ном нь ШУТИС-ийн БИАС-ийн Геотехникийн профессорын багийн тэргүүлэх профессор, монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Д.Дашжамц, Москвагийн Барилгын инженерийн их сургуулийн (МИСИ) профессор, доктор Кроник Я.А, Дорнод Сибирийн Барилгын Экспертийзийн  Газрын дарга доктор Б.В.Лыкщитов нарын хамтран туурвисан “Основания и фундаменты на мерзлых и пучинистых грунтах “(На примерах Забайкалья и Монголии) ном юм. Энэхүү “Хөлдүү болон хөлдөж овойдог ул хөрсөн дээрхи барилгын буурь, суурь”  номын 1-4 дүгээр бүлгийг ШУТИС-ын профессор Д.Дашжамц, 5-р бүлгийг ОХУ-ын доктор Б.В.Лыкщитов, 6-р бүлгийг профессор Кроник Я.А нар тус тус бичжээ.
Эл ном нь олон жилийн цэвдэг болон хөлдөж овойдог  хөрсөнд барилгын суурь төсөллөх талаар гарч байгаа онол, практикийн чухал ач холбогдол бүхий сүүлийн үеийн дорвитой  бүтээл учраас ОХУ-ын барилгын мэргэжлийн их дээд сургуулиудын сургалт арга зүйн зөвлөлөөс тус улсын барилгын мэргэжлийн оюутны хэчээлийн хэрэглэгдэхүүн болгон ашиглах  шийдвэр гаргасан байна.

БИАС-ын эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор Р.Болормаа