Зохицуулах үйлчилгээтэй талх, гурилан бүтээгдэхүүний туршилт, судалгаа, инновацийн үйлдвэрийн нээлт боллоо
    ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулиас инновацийн төслийн хүрээнд өөрийн сургуулийн дэргэд “Зохицуулах үйлчилгээтэй талх, гурилан бүтээгдэхүүний туршилт, судалгаа, инновац”-ийн үйлдвэр байгуулжээ. Тус үйлдвэр 2015 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлж буудайн бүхэл үрийн,  хөх тарианы гурлын, олон төрлийн үр, хатаасан луувантай “Сувиллын” талх, жигнэлтийн боов, жигнэмэг, торт зэрэг 10 гаруй нэр төрлийн зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнээрээ ШУТИС-ийн багш, оюутнуудад үйлчилж эхлээд байна.
 
 
     Тус “Талх, гурилан бүтээгдэхүүний инновацийн үйлдвэр”-ийн алба ёсны нээлт 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр болж ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, тэргүүн проректор Д.Батчулуун, проректор Ч.Баасандаш, Х.Энхжаргал, НМХГ, ХХАҮҮ-ний хяналтын хэлтсийн дарга Б.Энхбат, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, профессор Д.Цэцгээ болон бусад хүмүүс оролцож нээлтийн тууз хайчиллаа. Тус үйлдвэр нь эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл бүрэн хангасан 326 м2 талбайтай бөгөөд 8 хүн ажиллаж, хоногт 2000 ширхэг талх, 1000 кг хүртэл төрөл бүрийн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрийн даргаар ҮТС-ийн Хүнсний инженерчлэлийн салбарын профессор Д.Цэцгээ ажиллаж бакалавр болон ахисан түвшиний оюутнуудад үйлдвэрлэлийн дадлага хийх бололцоо олгох юм.