Монгол улс Олон улсын ноосон нэхмэлийн байгууллага (IWTO)-д гишүүнээр элслээ

Олон улсын ноосон нэхмэлийн байгууллага (IWTO)-ын 79 дүгээр конгресс Франц улсын Парис, Рамбуйе хотуудад саяхан болж өндөрлөлөө. Тус конгресст Монгол улсаас ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал, Бельгийн Вант Улс, Европын Холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Баттөр, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи дизайны сургуулийн ахлах багш, Нэхмэлийн хүрээлэнгийн Ноос, ноолуурын сорилтын төвийн захирал Р.Бадмаанямбуу, Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар оролцсон байна.

 
Энэ удаагийн конгрессоор манай улсын гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд Монгол улс IWTO-ын 24 дэх бүрэн эрхт үндэсний хорооны гишүүн орон боллоо. Тус байгууллагын гишүүнчлэл нь үндэсний хорооны гишүүн (сонгуульд санал өгөх эрхтэй), оролцогч гишүүн (сонгуульд санал өгөх эрхгүй) гэсэн хоёр хэлбэртэй байдаг юм байна. Монгол улсад гишүүнчлэлийн эрх үүргийг Mongolian National Committee of IWTO буюу IWTO-ийн Монголын үндэсний хороо хүлээх юм. Тус хороо нь ХХААХҮЯ, ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэн, Ноос, ноолуурын холбоо гэсэн 3 байгууллагаас бүрдэнэ. Дээрх байгууллагын гишүүн болсноор манай улсын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг IWTO-ын чанарын стандарт, шаардлагын дагуу олон улсын зах зээлд экспортлоход илүү дөхөмтэй болох юм байна.
IWTO-ийн стандартыг Европын холбоо болон дэлхийн бүхий л улс орнуудад хүлээн зөвшөөрдөг аж. Манай улс ЕХ-ны тарифын хөнгөлөлтийн GSP+ системд хамрагддаг учир ийнхүү ноос, ноолууран бүтээгдэхүүнээ Европын 27 улсад хөнгөлөлттэй нөхцөлөөр Европын стандартад нийцүүлэн экспортлох илүү таатай боломж бүрдэнэ.
Дараачийн шатны арга хэмжээний хувьд IWTO манай улсын ноос, ноолуур, нэхмэлийн чиглэлийн бүтээгдэхүүний боловсруулалт, үйлдвэрлэл болон сорилт, судалгааны лабораторийг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэхэд анхаарах юм байна. Дээрх их хуралд дэлхийн ноос, нэхмэлийн бодлого, чиглэлийг тодорхойлогч улсаас 200 гаруй төлөөлөгч, салбарын шинжээч, мэргэжилтнүүд, бизнесийнхэн оролцлоо. Тус байгууллагын төв Бельгийн нийслэл Брюссель хотноо байрлах бөгөөд 80 дугаар их хурлыг 2011 онд БНХАУ-ын Ханжоу хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй юм байна

IWTO нь дэлхийн ноосон нэхмэлийн салбарын худалдаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогчдыг төлөөлж бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд толгойлох үүрэг гүйцэтгэж буй салбарын хамгийн том олон улсын байгууллага юм.
IWTO-ийн гишүүнчлэлд ноос, ноолуур үйлдвэрлэгч, худалдаалагч, анхан шатны боловсруулагч, ээрмэл, нэхмэл, сүлжмэл, хувцас үйлдвэрлэгч, жижиглэн худалдаалагчид, их сургууль, судалгааны байгууллага, лаборатори зэрэг ноосон бүтээгдэхүүн, ноосны бизнестэй холбоотой бүх төрлийн байгууллагууд багтдаг.
IWTO-ын үйл ажиллагаа нь ноос (хонины ноос), малын гаралтай ховор онцлог ширхэгт (ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, лама, алпака, викуна) болон түүгээр үйлдвэрлэсэн бүх төрлийн нэхмэлийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд хамаарна. Тухайлбал АНУ-ын Ноолуур, тэмээний ноос үйлдвэрлэгчдийн институт (CCMI), ӨАБНУ-ын Мохерын ассоциаци (MSA) гишүүн болсноор IWTO-д улс орноо төлөөлдөг.
IWTO-ийн жилийн конгресст ноос үйлдвэрлэгч гишүүн орнууд болон импортлогч орнуудын төлөөлөгчид хуралдаж, ноосны талаар баримтлах бодлого, журам дүрэм, стандартыг хэлэлцэж шийдвэр гаргада бөгөөд зах зээл дээр ноосны салбарыг тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Европын холбоо, АНУ болон ширхэгтийн томоохон зах зээлийн бүхий гүрнүүдийн бодлогод нөлөөлдөг хүчтэй байгууллага юм.
IWTO нь түүний техникийн хороодоор дамжуулан олон улсын лабораториудын хооронд ур чадварын сорилт зохион байгуулдаг ба бүтээгдэхүүний чанарын шинжилгээний стандартуудыг боловсруулан баталж, Red Book буюу стандартын эмхэтгэл гаргаж, уг стандартуудыг сорилт судалгааны лабораториудад мөрддөг.
Монгол улс тус байгууллагад элссэн нь ноос, ноолуурын салбарын цаашдын хөгжил, гадаад зах зээл дэх байр суурийг бэхжүүлэхэд томоохон түлхэц өгөх үйл явдал боллоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.iwto.org сайтаас үзнэ үү.
http://www.iwto.org/newsletter/2010/IWTO-Newsletter_1_2010.pdf
http://www.iwto.org/events/IWTOCongress/Paris-Rambouillet2010/Paris_page.htm

ЗХШҮГ