ШУТИС CDIO Азийн бүсийн гишүүн боллоо
     ШУТИС-ийн Ректор Б.Очирбатаар ахлуулсан ШУТИС-ийн удирдлага, багш нарын төлөөлөл мөн Боловсрол соёл шинжлэх ухааны яамны төлөөллөөс багтсан баг Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс (БНСВУ)-ын Хо Ши Минь хотод Вьетнамын үндэсний их сургуулийн зохион байгуулсан "CDIO Азийн бүсийн чуулган 2015" чуулганд энэ оны 3 сарын 25-наас 27-ны хооронд амжилттай оролцоод ирлээ.
CDIO Азийн бүсийн чуулган 2015" чуулганы төлөөлөгчид.
Манай сургууль нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерийн боловсролын шинэлэг загвар CDIO Initiative (Conceive, Design, Implement, Operate) -ийн Азийн бүсийн гишүүн болсон нь энэхүү чуулганы онцлог үйл явдал байлаа. 2011 оноос эхлэн манай сургуулийн зарим багш нар CDIO сургалтын арга зүйг судлан, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, CDIO стандартад үндэслэсэн сургалтын үнэлгээг өөрсдөө хийн, танилцуулга илтгэлээ бусад сургуулиуд болон бүс нутгийн удирдлагад амжилттай танилцуулсан нь CDIO-ийн Азийн бүсийн гишүүн болоход чухал нөлөө үзүүлсэн.
Ректор Б.Очирбатаар ахлуулсан ШУТИС-ийн удирдлага, багш нарын төлөөлөл.
      Энэ удаагийн Азийн бүсийн чуулганд Сингапур, БНХАУ, Япон, Тайланд, Малайз, Монгол, Вьетнам зэрэг орнуудын инженерийн ба инженерийн бус боловсрол олгодог их дээд сургуулиуд, институцууд болон дэлхийн шилдэг аж ахуйн нэгжүүд оролцсон нь өмнөх жилүүдээс өргөн цар хүрээтэй болж байна гэж CDIO Азийн бүсийн дарга хатагтай Хелена Леонг хэлж байв. Мөн зөвхөн инженерийн боловсролыг чухалчилдаг CDIO нь инженерийн бус боловсролын сургалтын хөтөлбөр, орчинг сайжруулах боломжтойг чуулганд оролцогч сургуулиуд өөрийн жишээ туршлагад үндэслэн тайлбарлаж байсан нь энэ удаагийн чуулганы шинэлэг зүйл боллоо.
Чуулганы үеэр Вьетнамын HTV телевизийн сурвалжлах багт
ШУТИС-ийн Ректор Б.Очирбат ярилцлага өгч байгаа нь.
     Азийн бүсийн хувьд БНХАУ болон БНСВУ-ын улсын болон хувийн их дээд сургуулиуд CDIO-гийн нэвтрүүлэлт хэрэгжүүлэлтийг хамгийн хурдацтай хийж байгааг тухайн сургуулиудын өрсөлдөх чадварын үндсэн үзүүлэлтүүдийн өсөлт болон сургууль-ажил олгогчдын хамтын ажиллагаа илт сайжирсан зэргээс харж болно.  
 
      Тус чуулганд оролцсон төлөөлөгчдийн тайланг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн зөвлөмж гаргасан юм.
 
Зөвлөмж татаж авах