Япон улсын элчин сайд Такэнори Шимизү ШУТИС-ийн “Хүндэт доктор” боллоо
     Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизүд ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол өргөмжлөх ёслолын ажиллагаа 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр боллоо. Элчин сайд Такэнори Шимизүгийн Монгол улс, Япон улсын найрамдал, хамтын ажиллагаа бэхжүүлэх Монгол Улсын боловсролын салбарыг хөгжүүлэх, шинжлэх ухаан технологийн салбарын эрдэмтэн судлаачдыг дэмжих, Монгол улсын инженерийн боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, их дээд сургуулийн сургалт, судалгааны тоног төхөөрөмжийг сайжруулан орчин үеийн сургалт, судалгааны ажил гүйцэтгэх нөхцөл бололцоог бүрдүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган ажиллаж байгааг өндрөөр үнэлж ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 4 дүгээр сарын 3-ны өдрийн тогтоолоор “Хүндэт доктор” цол өргөмжлөхөөр шийдвэрлэсэн байна.
 
 
Тус арга хэмжээнд ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, Япон улсын элчин сайдын яамны төлөөлөгчид оролцлоо. Ёслолын ажиллагааг ШУТИС-ийн Ректор Б.Очирбат нээж үг хэлж, Эрдмийн зөвлөлийн тогтоолыг Эрдэм шинжилгээ технологийн проректор Ч.Баасандаш танилцуулав. Хүндэт докторын танилцуулгыг Хөгжлийн бодлого, эрдмийн ба хүндэт цолны нарийн бичгийн дарга, проректор Т.Намнан уншиж танилцуулсанаар ректор Б.Очирбат “Хүндэт доктор”-ын өмсгөл, дипломыг гардуулж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээжийг өргөн барилаа.
Элчин сайд, ШУТИС-ийн Хүндэт доктор Такэнори Шимизү Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн хандан “Монгол улсын боловсролын салбарт томоохон байр суурь эзлэх танай эрхэм сургуулийн зүгээс "хүндэт доктор" цол хүртэж байгаадаа туйлын баяртай байна. Анх Монголд ирснээс хойш өнөөг хүртэл 2 зүйлийг мөрөөдөж ирлээ. Нэг нь Японд их дээд сургууль төгссөн боловсон хүчин Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах явдал. Нөгөө нь Монгол улсыг Азийн Швейцарь болоосой гэсэн мөрөөдөл. Социалист нийгмийн үед энэ мөрөөдлүүд маань бүтэшгүй мэт санагддаг байв. Гэвч дипломатчаар ажиллаж байх хугацаанд эхний мөрөөдөл минь биелсэн.Үүнд би маш их баярлаж явдаг. Одоо Монгол улс Азийн Швейцарь болоосой гэсэн 2 дахь мөрөөдөл минь биелэх өдрийг залбиран хүлээж сууна.Чадварлаг боловсон хүчин бэлтгэх эрхэм үйлсэд танай сургуулийн хамт олон тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” гэж хэлж ёслолын ажиллагааг өндөрлүүлээ.
 
Япон Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ШУТИС-ийн “Хүндэт доктор” Такэнори Шимизүгийн Монгол Улс, Япон улсын найрамдалт хамтын ажиллагааг дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг товч дурдвал:
 
1.    Япон Монгол хоёр орны хооронд чөлөөт худалдааг хөгжүүлэх, эдийн засгийн харилцаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдол бүхий эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахад чухал хувь нэмэр оруулсан.
2.    Японы Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн хүрээнд төвөөс алслагдсан хөдөө орон нутаг дахь цэцэрлэг, дунд сургуулийн өргөтгөл шинэчлэл, дотуур байр барих томоохон 10 төслийг хэрэгжүүлсэн.
3.    Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар “Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх” 68 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн.
4.    Монгол улсын соёлын салбарт 25,7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлсэн.
5.    Японы засгийн газрын шугамаар Хөшигтийн хөндийн Олон улсын онгоцны шинэ буудал барих 40 жилийн хугацаатай 28 тэрбум 807 сая иений зээлийн төслийг хэрэгжүүлж байна.
6.    Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлгийг барьж байгуулах, нарийвчилсан зураг боловсруулах 5 тэрбум 300 сая төгрөгийн буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлж олон улсын стандартад нийцсэн эмнэлэг байгуулах ажлыг цогцоор нь шийдвэрлэж байна.
 
Монгол улсын боловсролын салбар болон ШУТИС-ийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг товч дурдвал:
 
1.    Монгол Улсад нэн хэрэгцээ шаардлагатай дэд бүтцийн салбар дахь хүний нөөцийг бэлтгэх болон инженер, технологийн чиглэлийн дээд боловсролын бай­гууллагуудын чадавхийг бэхжүүлэх зорилготой 7 тэрбум 535 сая иений өртөг бүхий “Инженер, технологийн дээд боловсрол” урт хугацааны зээлийн төслийг хэрэгжүүлж байна.
2.    Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох Ноот бичгийн хүрээнд   ШУТИС-ийн бүрэлдэхүүний Японы “Коосэн” загварын Технологийн Дээд Сургуулийн сургалтад шаардлагатай 2 сая долларын өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмжийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлэхээр болсон.
3.    Японы Олон Улсын их сургуультай 2012 оноос хамтын ажиллагааны гэрээ байгуулахад биечлэн оролцож, хоёр орны их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж ихээхэн ач холбогдол өгч ирсэн. 
4.    Япон улсын элчин сайдын яамнаас Японы улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, соёлын тухай 100 гаруй ном, гарын авлага, эрдэм шинжилгээний бүтээлээс ШУТИС-ийн оюутан залуучуудад зориулан хандивласан.