“Универсиад”-ын аваргаар ШУТИС, МУИС-ийн багууд шалгарав
Монголын оюутны “Универсиад”-2015 их наадмын Сагсан бөмбөг, Аэробик, Заалны хөлбөмбөгийн тэмцээнүүд өнгөрөгч долоо хоногт 13-19-ний боллоо.
Сагсан бөмбөгийн тэмцээн дөрөвдүгээр сарын 13-18-нд Спортын төв ордон, МУИС, ШУТИС, АШУҮИС-ийн зааланд болж, аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд 16 их, дээд сургуулийн эрэгтэй 22, эмэгтэй 16, нийт 38 багийн 408 тамирчин оролцсоноос эрэгтэй багуудаас спортын мастер М.Амаржаргал дасгалжуулагчтай, Б.Наранболд ахлагчтай ШУТИС-ийн баг, эмэгтэй багуудаас МУГД Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай, Н.Болор-Эрдэнэ ахлагчтай  эмэгтэй багууд тэргүүн байр эзлэж аварга цол, алтан медалийн эзэд болов. Эрэгтэй багуудаас Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС-ийн баг 2-р байр, Н.Ганболор дасгалжуулагчтай СИТИ дээд сургууль 3-р байр, эмэгтэй багуудаас Б.Ганзориг дасгалжуулагтай, Б.Ариунчимэг ахлагчтай ШУТИС-ийн баг 2-р байр, О.Баярцогт дасгалжуулагчтай Этүгэн дээд сургуулийн баг 3-р байр тус тус эзлэв.
Байгууллагын нэгдсэн дүнгээр МУИС тэргүүн байр эзлэж, ШУТИС, МУБИС удаалав. Энэ удаагийн эрэгтэйчүүдийн ангилалаас шалгарсан шилдэг оюутан тамирчдаас ирэх долдугаар сард БНСУ-ын Гванжу хотноо болох дэлхийн оюутны Универсиад 28 дугаар наадмын тэмцээнд сонгон шалгаруулах юм. Гванжу хотноо зохион байгуулагдах Универсиад наадмын Сагсан бөмбөгийн тэмцээнд ШУТИС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш Б.Ганзориг шүүгчээр ажиллахаар уригдаад байна. Монголын баг тус наадамд ОХУ, Монтенегро, Швед, Канад, Мексик зэрэг орнуудтай нэг хэсэгт тоглохоор сугалаа таарсан билээ.