Уул уурхайн салбарт хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа 2015 оны 4 дүгээр сарын 24-нд “Эрдэнэс Монгол” ХХК-д боллоо. Санамж бичгийг Эрдэнэс Монгол ХХК болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургууль хамтран байгуулж байна.

Санамж бичигт Монгол Улсад хэрэгжүүлж буй уул уурхай, боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, шинэ техник технологи нэвтрүүлэхэд чиглэгдсэн сургалт зохион байгуулах, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах ажлыг зохих чиглэлийн дагуу хийнэ. Мөн геологи, уул уурхай, боловсруулах үйлдвэр, уул уурхайн дэд бүтцийн салбарт судалгаа, шинжилгээний хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллах эхлэлийг тавьж байгаа юм. Түүнчлэн Геологи, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, уул уурхайн дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр амжилттай суралцаж буй оюутныг урамшуулах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, эрдэм шинжилгээний хурал, симпозиумыг хамтран зохион байгуулж, амжилттай оролцсон судлаач, оюутан, багшийг урамшуулах, тус компанийн нэрэмжит анги танхим тохижуулах, амжилттай суралцаж төгссөн оюутнуудад ажлын байр санал болгох, оюутнуудыг сонгон шалгаруулж, үйлдвэрлэлийн дадлага хийх боломжоор хангах юм байна.
