“Магистрант, докторантын шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэл-2015” эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө

Эрдэм шинжилгээний албанаас ШУТИС-ийн хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг магистрант, докторантуудын “Шилдэг судалгааны өгүүлэл-2015” (Graduate Student Best Paper Award) арга хэмжээ 04 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Эрдэм шинжилгээний тус арга хэмжээний зорилго нь ШУТИС-ийн ахисан түвшинд суралцаж буй магистрант, докторант оюутнуудын эрдэм судлалын ажлыг эрчимжүүлэх, чанаржуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, санал бодлоо солилцох, харилцан шинэ мэдээлэл, мэдлэг түгээх, судалгаа шинжилгээний ажлаа танилцуулах таатай нөхцөл бүрдүүлэхэд оршиж буй юм.

            Магистрант, докторантын эрдэм судлалын тус арга хэмжээнд бүрэлдэхүүн сургуулиуд дээр зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан нийт 72 эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлснээс 29 илтгэлийг Хэрэглээний ухаан, инженерчлэл, Байгалийн ухаан, Нийгэм, хүмүүнлэгийн ухаан гэсэн 3 чиглэлд аман хэлбэрээр хэлэлцүүлсэн байна. ЭША-нд ирүүлсэн магистрант, докторантуудын нийт эрдэм шинжилгээний өгүүллүүдийг ШУТИС-ийн Ректорын тушаалаар томилсон редакцын зөвлөлийн гишүүдхянан магадлагаа, шүүмж хийсэн бөгөөд засвар хийж сайжруулсан дээрх өгүүллүүдийг Эрдэм шинжилгээний бичгийн тусгай дугаарт хэвлэх юм.  

  

            Тус арга хэмжээг нээж ЭШТ-ийн проректор Ч.Баасандаш хэлэхдээ: ШУТИС судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд олон улсын болон бүс нутгийн түвшинд хэрэгжүүлж буй JICA-гийн 1000инженерийн төсөл, БНСУ-ын KAIST институт, АНУ-ын Массачуссетсын технологийн сургууль, БНХАУ-ын Цинхуа их сургууль зэрэг сургуулиудтай байгуулсан эрдэм судлалын хамтын ажиллагаагаар дамжуулан судалгааны материаллаг бааз, дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэх, судалгаанд суурилсан сургалт явуулах, профессорын баг бүрдүүлэх, үүнтэй уялдах олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөж буйг онцолж ахисан түвшинд суралцаж буй магистрант, докторант та бүгдийн оролцоо чухал хэмээв.  

 

Мөн хурлын үеэр нийт магистрант, докторант оюутнуудад зориулан ШУТИС-ийн Гадаад харилцааны албаны дарга Т.Ууганбаяр “Нийтлэг алдаа ба судалгааны аргууд” сэдвээр үндсэн илтгэлийг танилцуулав. Тэрээр илтгэлдээ ахисан түвшинд суралцаж буй оюутнуудын судалгааны ажил эрхэлж буй явцад гаргадаг нийтлэг алдааг тоймлон танилцуулж, судалгааны ерөнхий загварчлал, стратегийн талаар сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Илтгэлийг бүрэн эхээр эндээс татна уу.  

Хурлын хаалтын үеэр Хэрэглээний ухаан, инженерчлэлийн салбар хуралдааныг удирдсан БАС-ийн профессор Д.Дашжамц өгүүлэхдээ:ахисан түвшинд суралцаж буй оюутнуудын судалгааны ерөнхий арга барил сайжирсныг онцолж тэднийг цаашид олон улсын түвшинд хийгдэж буй судалгаатай танилцах,судалгааны ажлын хүрээ, боловсруулалт дээр анхаарах мөн та бүхний судалгааны ажил олон улсын хурал, сэтгүүлүүдэд хэвлэгдэж, өсөж боловсруулагдах ёстой хэмээн ахмад судлаачийн үүднээс захив. 

ШУТИС-ийн магистрант, докторантуудын шилдэг эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эздэд 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Ректоратын зөвлөлийн хурлаар батламж, шагналыг гардуулсан байна. Энэ хичээлийн жилийн шилдэг эрдэм шинжилгээний өгүүллийн шагнал хүртсэн магистрант, докторантуудыг танилцуулбал: 

  

Хэрэглээний ухаан, инженерчлэлийн чиглэлээр: 

“Гурван хэмжээст зургийн сонирхлын бүсийг томруулах, ойртуулах алгоритм“МХТС-ийн докторант Б.Луубаатар

“Жишүү хүрдэт зууруулын жишүү хүрдний үндсэн үзүүлэлтийн судалгаа” МехТС-ийн докторант Я.Ренчэнванжил

“Өндөр барилгын буурь хөрсний эсэргүүцлийн коэффициентийг тодорхойлох нарийвчилсан судалгаа”БАС-ийн магистрант М.Шижирбат 

Байгалийн ухааны чиглэлээр:

“Синтезийн сорбентын алт, мөнгө шингээх шингээлтийн судалгаа”

ХШУС-ийн докторант Ю.Ганчимэг

“Монгол орны фосфоритын кристалл бүтэц, түүний механохимийн идэвхижүүлэлтийн дараах бүтцийн өөрчлөлтийн судалгаа” ХШУС-ийн докторант П.Жаргалбат

“Цанзай талбан ASTER зургийн боловсруулалт болон тайлалт” ГУУС-ийн магистрант О.Эрдэнэ-Оргил

Нийгмийн ухааны чиглэлээр:

“Улаанбаатар хотын зорчигч тээврийн үйлчилгээг системийн хандлагаар судлах нь” МехТС-ийн докторант Х.Булгаа

“Сургуулийн дотуур байрны хүүхдийн хамгаалагдах эрхийн хэрэгжилтийг хангах арга замууд” БуХС-ийн докторант Т.Оюунбилэг

“Гурван хэмжээст дүрслэлийн сегментийг зөв төлөвлөх”  ҮТС-ийн магистрант Б.Ивээлт

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА