ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооны анхдугаар бага хурал боллоо
ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооны анхдугаар бага хурал 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр ШУТИС-ийн төв номын санд боллоо. Тус хуралд ШУТИС-ийн Улаанбаатар хот болон орон нутгийн төгсөгчдийн төлөөлөл болсон 40 төлөөлөгч оролцов. ШУТИС 1959 оноос инженер техникийн мэргэжилтэн бэлтгэн гаргаж Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын голлох хүний нөөцийг бүрдүүлж байгаа бөгөөд өнөөдөр 60 мянга гаруй төгсөгчтэй болжээ.
 
Төгсөгчид сургуультайгаа болон өөр хоорондоо хамтран ажиллах хүсэлттэй тул төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг сэргээж анхдугаар хурлаа зохион байгуулсан байна. Тус холбоо нь төгсөгчдийг их сургуультай, их сургуулийг төгсөгчтэй нь холбох, гишүүддээ үнэ цэнэтэй үйлчилгээ үзүүлэх, тус сургуулийн сургалт, судалгаа, үйлчилгээний зорилт, хөгжлийг дэмжхийн тулд байгуулагджээ. Анхдугаар хурлаар ШУТИС-ийн төгсөгчдийн холбооны дүрмийг хэлэлцэж, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж батлав. Мөн удирдах зөвлөлийн дарга буюу холбооны тэргүүнээр ШУТИС-ийн Эдийн засаг, Нийгмийн хөгжлийн проректор Д.Батчулуун бүх гишүүдийн саналаар сонгогдон ажиллахаар боллоо. Түүнчлэн  хурлаар холбооны лого, хүндэт гишүүний эрх, үүргийг баталж, гүйцэтгэх захирлаар Б.Гунаажавыг сонгов.
Хурлын үеэр ШУТИС-ийн Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор, Төгсөгчдийн холбооны тэргүүн Д.Батчулуун “Хөгжлийн гарц-боломж” сэдэвт лекц уншсаныг хүргэж байна.

 
Төгсөгчдийн холбооны ажлын төлөвлөгөө болон үйл ажиллагаатай www.alumni.must.edu.mn хаягаар болон https://www.facebook.com/SHUTIS.Tugsugch группээр дамжуулан танилцах боломжтой.
ШУТИС-ийн нийт төгсөгчдийг холбоонд нэгдэн ажиллахыг урьж байна.