
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Гитачю Енгидад ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олгох ёслолын ажиллагаа 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Эрдмийн зөвлөлийн өрөөнд болов. Ноён Гитачю Энгида нь ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогчоор 2010 оны 4 дүгээр сард томилогдсон. Ерөнхий захирлын орлогчийн хувьд хариуцсан салбарынхаа стратегийн чиг шугамыг тодорхойлох, бодлого боловсруулах болон хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцан ажилладаг юм.
Монгол Улсын хөгжил, дэвшилд оруулж буй үр нөлөө, хүмүүнлэгийн болон дээд боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг хүндэтгэн, өндрөөр үнэлж Нэгдсэн Үндэстний Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий захирлын орлогч ноён Гитачю Энгидад Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Хүндэт профессор” цол олгохоор шийдвэрлэсэн байна.
ЮНЕСКО нь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд 1969 онд тухайн үеийн Политехникийн дээд сургуулийг Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүнээс тусгаарлан, бие даалган зохион байгуулахад “МОН-1” төслийг амжилттай хэрэгжүүлж, сургалтын лабораториуд байгуулж материаллаг баазыг бэхжүүлэн багшлах боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэхэд ихээхэн туслалцаа үзүүлсэн юм. ШУТИС нь 2000 оны үед ЮНЕСКО-гоос явуулсан судалгаагаар дээд боловсролын өөрчлөлт, шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлж буй Азийн 5 их сургуулийн нэгд багтан орж байсан билээ.

Сүүлийн жилүүдэд ШУТИС нь ЮНЕСКО-той хамтран нээлттэй их сургууль болон хөгжих, сургалтын материаллаг баазыг нээлттэйгээр олон түмний хүртээл болгох чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцэж “Дээд боловсролд мэдээлэл, харилцаа, холбооны шинэ технологийг нэвтрүүлэх нь (EICTHE-2011)", “Боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх арга зам (ICT in EDU-2014)” сэдэвт олон улсын хурлуудыг хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын нөхцөлд дээд боловсролд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, нээлттэй их сургууль байгуулах талаар ЮНЕСКО-гийн экспертүүд ирж үнэтэй санал зөвлөмж өгч байсан юм.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА