Нийгэм-эдийн засгийн хүрээнд инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээг энэ сарын 11-17-ны хооронд зохион байгуулж байна. Тус арга хэмжээг БСШУЯ, ШУТИС, НЗДТГ, Аж үйлдвэрийн яам, Мэдээлэл технологийн үндэсний парк, Монголын Инновацийн холбоо, МХАҮТ, Монголын технологийн холбоо хамтран зохион байгуулжээ. Инновацийн 7 хоногийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр БСШУЯ-нд болж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

"Монголын Инновацийн 7 хоног" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Инновацийн үзэсгэлэн+Маркетинг өдөрлөг” ШУТИС-ийн гадаах задгай талбайд өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагааг БСШУЯ-ны дэд сайд Я.Төмөрбаатар нээж үг хэлж, БСШУЯ-ны Инноваци, өндөр технологийн газрын дарга Л.Лувсанжамц, ШУТИС-ийн проректор Ч.Баасандаш, Д.Батчулуун, П.Жаргалтуяа, Технологи дамжуулалт, инновацийн төвийн захирал Д.Хашбаяр, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал Г.Батхүрэл, салбарын эрхлэгч Л.Оюунцэцэг болон Нийслэлийн ЗАА, МТҮП, ХААИС, ЭМШУИС, МУБИС зэрэг их дээд сургуулийн төлөөлөл оролцож байна. Мөн маркетенгийн өдөрлөгт 60 гаруй аж ахуй нэгж, БуХС-ийн мэргэжлийн ангийн оюутнууд оролцож байгаа юм.


Инновацийн долоо хоногийн хүрээнд инновацийн өдөрлөг, үзэсгэлэн, лхагва гарагт Төрийн ордонд Инновацийн форум, пүрэв гарагт “Инноваци, энтрепренершипийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, баасан гарагт семинар, бямба гарагт соёлын арга хэмжээ, ням гарагт хаалтын ажиллагааг тус тус зохион байгуулах юм.


