"Уран илтгэгч " шалгаруулах уралдаан

"Уран илтгэгч " шалгаруулах уралдаан

2008 оны 12-03 ны өдөр 14 цагт  эрдмийн зөвлөлийн танхимд ШУТИС-н ХБС-н харьяа лицей ахлах  сургуулийн сурагчдын дунд " Уран илтгэгч шалгаруулах уралдаан болж өнгөрлөө. Энэ уралдааны зорилго нь

  • Сурагчдын санаачилга идэвхийг өрнүүлэх
  • Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, өөрийгөө нээх боломж олгох
  • Илтгэх урлагт суралцах, чөлөөтэй нээлттэй ярих чадварыг сайжруулахад чиглэгдсэн юм.

Уралдааныг  3 шаттай явуулж эцсийн 11 сурагчдын илтгэлийг сонслоо.

Уг уралдаанд:

            -  Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор                    Тангадын Галсан багш

            -  ШУТИС-н дэргэдэх ХБС-н  сургуулийн монгол судлалын тэнхимийн

                 эрхлэгч доктор профессор Г.Томтогтох багш

-       ШУТИС-н дэргэдэх ХБС-н харьяа лицей ахлах сургуулийн сургалтын   менежер А.Мөнхтуяа багш         

-       ШУТИС-н дэргэдэх ХБС-н япон судлалын тэнхимийн  багш Б.Энхчимэг    

-       ШУТИС-н дэргэдэх ХБС-н харьяа лицей ахлах сургуулийн монгол хэл, уран зохиолын  багш Энхжаргал          

-       ШУТИС-н дэргэдэх ХБС-н харьяа лицей ахлах сургуулийн 11 А ангийн багш Ж.Мягмардорж нар оролцсонд сурагчид талархаж байгаагаа илэрхийллээ.

Уралдааныг нээж  ШУТИС-н дэргэдэх ХБС-н  сургуулийн монгол судлалын тэнхимийн   эрхлэгч доктор профессор Томтогтох багш үг хэллээ.

3-р шатны уралдаанд:

1-р байрыг 11а ангийн сурагч Д.Буяннэмэх " Зорилготой амьдрахын утга учир"  сэдвээр

            2-р байрыг 10в ангийн сурагч Будханд "Харилцааны эм бол 

           Инээмсэглэл "  сэдвээр

           3-р байрыг 11б ангийн сурагч М.Золжаргал "Өнөөдөр"  сэдвээр

           Тусгай байрыг 11а ангийн сурагч Б.Дөлгөөн "Мэргэжил ээ хэрхэн

            сонгох вэ?" сэдвээр, 10а ангийн сурагч Э.Золжаргал "Түнэр

           харанхуй" сэдвээр  тус тус эзэллээ.

Уг уралдааныг 11а ангийн нэрэмжит болгон жил болгон явуулж байхаар тогтон 10в ангид хүлээлгэн өгч уламжлууллаа.

     Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор   Тангадын Галсан багш урилгаар оролцож сурагчдын илтгэх чадварыг шүүн, зөвлөгөө өгч. Уран бүтээлээсээ уншиж халуун дотно ярилцлага болсонд нийт багш сурагчид сэтгэл хангалуун байсан ба зураг татуулж гарын үсэг солилцсон таатай үйл явдал болж өнгөрлөө.

 

 

 

Тангадын Галсан гуайн сэтгэгдлээс...

Технологийн  Их  Сургууль  бол бүтээхүй эрдмийн сургууль. Тэрэг засахаас эхлээд тив  хооронд зорчих онгоц, од эрхис лүү орчих  пуужин  бүтээх эрдмийг  энд  заах  учиртай.  Гэтэл яруу  илтгэх эрдэмд  уралдуулж  байдаг ажээ.  Энэ  бол  үнэнхүү  баярлалтай хэрэг. Үг  бүр хүн шиг, үр хүүхэд шиг, өтгөс  буурлууд  шиг  өөр өөрийн  сэтгэлтэй. Үгийн тэрхүү сэтгэлийг  сэтгэл зүйч шиг ойлгон  байж  өөр бусадтай  ярихыг  яруу  илтгэх  хэмээнэ. Ихэр цагийн турш  илтгэл сонсохдоо үе тэнгийнхэн нь уйдсангүй. Сонсогчид  сайн чагнаж  байнаа гэдэг илтгэгчид  онц  байнаа гэсэн  үнэлгээ. Яруу  өгүүлэгсэд, Технологийн их сургууль, түүний багш нарт баяр хүргэе.

Гэвч ач зээ нартайгаа зүйрлэн хэдэн зүйл зөвлөе:

1.    Сэдвээ зөв сонго. Сайтар боловсруул. Эрлийн анжисаар сэдвийн атрыг  эс боловсруулбаас үг утгасын тариалан олигтой найгахгүй.

2.    Үгээ, туурвилаа сайн цээжил! Үг эс тогтоовоос үгсийн сан арвидахгүй. Туурвилаан эс цээжилбээс цаас шагайхаас хагацахгүй...

3.    Илтгэлийнхээ агуулгыг сайтар бясалга. Эс бясалгаваас цагаан сарын зочиндоо түүхий ууц тавих шиг ичгүүрийн орон болно.

4.    Зохиомжийг анхаар.           ийм өөрөөр хэлбэл хүчтэй, сонирхолтой эхлээд бууран буурсаар дуусвал бүх сонсогчидоон алдана. Танхимд ганцаараа үлдэнэ.

   зугуухан өгссөөр, зугуухан буурвал дунд зэргийн илтгэл болно.  Сонсогсод алгаан ташна. Гэвч энэ нь сонирхолтой сайхан илтгэл болсонд талархсан хэрэг бус нуршиж дууссан, хоёр яс хагацсанд баярлаж буй доромжлол.

Харин           зохиомжтой, өөрөөр хэлбэл багаас их өөд, энгийнээс нарийн өөд, мэдээллээс дүгнэлт өөд, зүйрлэн хэлбэл бэлээс оргилд хүрэх мэт илтгэл онц илтгэл. Дундуурхан байсан танхим сонсогчдоор пиг дүүрсэн байдаг.

Хоёр цаг хоёр мөч / 15*2 = 30 минут / шиг түргэн өнгөрснийг сонсогчид гайхдаг. Та нар яруу өгүүлж  сурна. Гагцхүү байнгын оролдлого хэрэгтэй. Нэг мэхийг 4000 удаа давтахад дархан мэх болдог гэж улсын баяр наадамд 10 удаа түрүүлсэн далай даян, дархан аварга Баянмөнх айлдсан шүү! Уран илтгэж сурахад тэр мэт байнгын дасгал чухаг. Үгийн сум бүхэн нь чиг байныхаа голд тусах шиг хүний сэтгэлийн толь, зүрхний тольтонд  үүрлэдэг уран илтгэгчид болтугай.

 

 

 

 

Эцэст нь өөрийн зохиосон шүлгэнүүдээсээ уншиж сонирхуулсанаас

"2008 оны 7 сарын 1" шүлгийг нь толилуулья.

 

2008 оны 7 сарын 1

Бид - цөөхүүлээ шүү дээ, Монголчууд аа!

Бэгтэр ахыгаа харвуулсан

Билгүдэй өнчин шиг цөөхүүлээ шүү дээ

Бэлтрэгээ суйлуулсан өлөгчин шиг цөөхүүлээ шүү дээ

Бэрс ганцтай шатар шиг цөөхүүлээ шүү дээ

Бэлчиж яваа сүргээсээ 20 дахин цөөхүүлээ шүү дээ

 

Бид цөөхүүлээ шүү дээ

Алтайн хяраар асга шаргиан дүүлэгч

Аргаль янгир шигээ цөөхүүлээ шүү дээ

Алалдаад тулалдаад өсдөггүй

Афганаас найм дахин цөөхүүлээ шүү дээ

Аугаа гүн сэтгэгч Аристотелийн шавь нараас

Арав дахин цөөхүүлээ шүү дээ

Ардчилал, эрх чөлөөний гүрэн

Америкийн хүн амаас 140 дахин цөөхүүлээ шүү дээ

 

Бид цөөхүүлээ шүү дээ

Бирмийн хүн амаас 20 дахин  цөөхүүлээ шүү дээ

Вьетнамын ким ястнаас 30 дахин цөөхүүлээ шүү дээ

Ханагар говиороо тэшигч

Хавтгайн сүрэг шигээ цөөхүүлээ шүү дээ

Хармаг, гоёо, бажууны үндэс ухагч

Хар нүдэн мазаалай шигээ цөөхүүлээ шүү дээ

Нэг нь нөгөөгөө нэг буудахад ганцхан сая болчихно шүү

Нэмээд ахин нэг буу дуугарахад тавхан бум болчихно

Нэг монгол алж эрсдэхэд

Мянган одны гэрэл бөхдөгийг бүү март!

 

Бид цөөхүүлээ шүү дээ

Бичиг соёлынхоо өв судраас ч цөөхүүлээ шүү дээ

Бээжин төвт гүрнээс долоон сая дахин цөөхүүлээ шүү дээ

Бид цөөхүүлээ шүү дээ

                                         Монголчууд минь ээ!

                                                                  / Тангадын Галсан /  2008он