ШУТИС-ийн хамт олон Монгол Улсад инженер, технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсний 55 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээг өнөөдөр “Инженерийн боловсрол-55” эрдэм шинжилгээний хурлаар эхэллээ. Тус эрдэм шинжилгээний хурлыг нээж ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга, Академич Т.Ган-Эрдэнэ, ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар нар үг хэлэв.


“Инженерийн боловсрол-55” эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр, тээвэр, дэд бүтэц, харилцаа холбооны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, инженер технологийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд болон ШУТИС-ийн оюуны болон материаллаг баазыг бэхжүүлэхэд олон жил идэвх зүтгэл, санаачилгатай ажиллаж ирсэн анхны багш, төгсөгч Б.Баасан, Д.Жаргалсайхан, Л.Лхагвасүрэн, Д.Совдоо, Г.Баттөр, Т.Цэндсүрэн, Ц.Цэрэв, Ж.Түмэн-Аюуш нарт ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олгосныг ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, бүрэлдэхүүн сургуулийн захирал нар гардуулан өглөө.


Тус хуралд ШУТИС-ийн Ректор, профессор Б.Очирбат “Монгол Улсын үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжилд ШУТИС-ийн оруулсан хувь нэмэр”, Академич Д.Дашжамц “Орчин үеийн Монгол Улсын барилгын салбарын боловсрол, шинжлэх ухаан, техникийн хөгжлийн тулгамдсан асуудлууд”, Академич С.Батмөнх, Академич Д.Содномдорж нар “Эрчим хүчний салбар дахь шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн өнөө ба ирээдүй”, ШУ-ны доктор, профессор Ж.Лхамсүрэн, ШУ-ны доктор, профессор О.Гэрэл “Төв Азийн геологийн судалгаанд манай эрдэмтдийн оруулсан хувь нэмэр, цаашдын чиг хандлага”, Академич П.Очирбат “Өнөөдрийг өөрчилж, ирээдүйг бүтээх инженерийн боловсрол”, Академич Ч.Авдай “Механик технологийн мэргэжлийн салбарын хөгжил – эрдэм шинжилгээ, судалгааны ажил”, ШУ-ны доктор, профессор Г.Батхүрэл “ШУТИС-д инженер эдийн засагч, менежментийн мэргэжилтэн бэлтгэсэн түүхэн замнал, цаашдын зорилт”, доктор, профессор Б.Дамдинсүрэн “Мэдээлэл холбоо, технологийн салбарын хөгжлийн чиг хандлагад ШУТИС-ийн гүйцэтгэсэн үүрэг” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.



Ойн арга хэмжээ маргааш баярын ёслол хүндэтгэлийн арга хэмжээгээр үргэлжилнэ.

ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XXV чуулган”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн салбар XXIII бага хурал боллоо
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов
“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулав.
Оюутны "Эрдмийн XXV чуулган" шилдэг өгүүлэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.