ШУТИС-ийн 82 дахь удаагийн төгсөлт боллоо

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн үүсч байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн өмнө 2018/2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын 82, магистрын 44 дэх удаагийн төгсөлт  2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн төгсөлтөөр доктор 14, магистрын 341, бакалаврын 1524 мэргэжлийн дипломтой 81, онцлох дипломтой 42 оюутан төгсөн гарч байна.

 

Төгсөлтийн ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөх, ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга Д.Бадарч, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, ШУТИС-ийн захирал Б.Очирбат болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захирлууд, эрдэмтэн багш, төгсөгчид оролцлоо. Төгсөлтийн арга хэмжээг ШУТИС-ийн Захирал Б.Очирбат , УИХ-ын даргын нийгмийн бодлогын зөвлөх, ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга Д. Бадарч нар нээж үг хэллээ.

 

Энэ удаагийн төгсөлтөөр ГУУС-ийн БНХАУ-ын Шандунь сургуультай хамтарсан Геодези 2+2 хөтөлбөрөөр төгсөгч , ЭХС-ийн Хойд Хятадын Эрчим хүчний сургуультай хамтарсан Цахилгаан хангамж 2+2 хөтөлбөрөөр 1 төгсөгч, ЭХС-ийн БНХАУ-ын Шанхайн ШУТИС-тай хамтарсан Биоинженерчлэл 2+2 хөтөлбөрөөр 2 төгсөгч, ЭХС-ийн Хойд Хятадын Цахилгаан эрчим хүчний сургуультай хамтарсан Дулааны инженер 2+2 хөтөлбөрөөр 2 төгсөгч, МехТС-ийн Японы Niigata их сургуультай хамтарсан Механик инженер 2+2 хөтөлбөрөөр 2 төгсөгч, МХТС-ийн Москвагийн Холбоо, мэдээллийн техникийн их сургуультай хамтарсан Утасгүй холбоо мэргэжлээр 4 төгсөгч, Холбооны сүлжээ холболтын технологи хөтөлбөрөөр 2 төгсөгч тус тус төгсөн гарлаа.

   

Төгсөгчдөд диплом олгох ШУТИС-ийн Захирлын тушаалыг сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од уншиж танилцуулснаар ШУТИС-ийн төгсөгчдөд диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа эхэлсэн. Нийт төгсөгчдийг төлөөлж Механик, тээврийн  сургуулийн төгсөгч А.Өсөхбаяр, Эрчим хүчний сургуулийн төгсөгч Э.Шижир нар эрдэмтэн багш нар, гэр бүл, найз нөхөд ,зочид төлөөлөгчдөдөө хандан баяр, талархлын үгээ хэллээ. Ёслолын ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж, малгай шидэлтийн баяраа хийн ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

Нийт төгсөгчдөдөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.