Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Академич, Ч.Авдайгийн 80 насны ойд зориулсан Эрдэм шинжилгээ хурал, нэрэмжит танхимын нээлт боллоо

Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас санаачлан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Академич, Шинжлэх ухааны доктор (Sc.D), Профессор Ч.Авдайгийн 80 насны ойг 2023 оны 03-р сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Уг хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол улсын хөнгөн, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбар болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хөгжил, дээд боловсролтой инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачдыг бэлтгэх үйл хэрэгт Академич Ч.Авдайгийн оруулсан үнэтэй хувь нэмэр, түүний олон жилийн судалгааны ажлын үр дүнг нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой эрдэм шинжилгээний хурал, ахисан түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний уншлагын танхимыг “Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Академич Чилхаажавын Авдайгийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхим” болгон тохижуулж уг танхимыг нээх үйл ажиллагааг тус тус зохион байгууллаа.  

 

Тус арга хэмжээнд УИХ-ын тамгын газар, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухааны Академи, Монголын жимс жимсгэнийн үндэсний холбоо, “Эрдэм судлалын Ю.Цэдэнбал академи”, Монгол улсын их, дээд сургуулиудын төлөөлөл, төрсөн нутаг Увс аймгийн Зүүнхангай сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл зэрэг олон байгууллагууд, хамтран ажиллаж байсан эрдэмтэн судлаачид, шавь нар, хамт олон, найз нөхөд, гэр бүлийн төлөөлөл бүхий 100 гаруй зочид хүрэлцэн ирж оролцлоо.

Эрдэм шинжилгээний хуралд Академич Ч.Авдайгийн Монгол улсын хөгжил, Шинжлэх ухаан, технологийн их сургуульд оруулсан хувь нэмэр сэдвээр доктор (Ph.D), профессор Т.Намнан, түүний амьдрал, ажил хөдөлмөрийн талаар доктор (Ph.D), профессор Г.Чимэд-Очир, чацаргана судлал оруулсан хувь нэмэр сэдвээр Монголын жимс, жимсгэний үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал, Монгол улсын хөнгөн, хүнсний салбарын хөгжилд гүйцэтгэсэн үүрэг сэдвээр Академич Д.Энхтуяа, доктор (Ph.D), дэд профессор Ж.Туяацэцэг нар, Трибологийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр сэдвээр доктор (Ph.D), профессор Ү.Цэрмаа, Монгол улсын хөдөө, аж ахуйн салбарын хөгжилд гүйцэтгэсэн үүрэг сэдвээр доктор (Sc.D), профессор Р.Бүүвэйбаатар, Увс аймгийн Зүүнхангай сумын хөгжил оруулсан хувь нэмэр сэдвээр С.Баярт, Ж.Халзанбанди нар, “Хүрээ” МХТДС-ийг үүсгэн байгуулж, хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр сэдвээр доктор (Ph.D), профессор И Жэ Буг, Ю.Отгонбаатар нар тус тус илтгэл хэлэлцүүллээ.

Илтгэлийн үеэр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал доктор (Ph.D), профессор Т.Намнан хэлэхдээ Ч.Авдай багш  боловсролын салбарыг хөгжүүлэх, эрдэм судлалын ажилд өөрийн бие, сэтгэл, эрдэм мэдлэгээ харамгүй зориулахаас гадна, улс орны хөгжлийн тулгуур болсон хөнгөн, хүнс, хөдөө аж, ахуйн салбарыг хөгжүүлэх үйлсэд манлайлан оролцож байсныг 2000-2008 оны хооронд Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байхдаа хийсэн ажлууд нь харуулж байна. Энэ хугацаанд 32 хуулийн төсөл, тогтоолыг өргөн мэдүүлж, 19 хуулийн ажлын хэсгийн ахлагч, 33 хуулийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллахаас гадна тойрогтоо 40 гаруй удаа явж ажилласан байна. Мөн сум, орон нутагт нэн тулгамдаж буй дэд бүтэц, цахилгаан хангамж, үүрэн холбоог сайжруулах, сургууль, эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, жижиг дунд үйлдвэрийг бариулах чиглэлд онцгой анхаарал хандуулан улсын төсөв болон олон улсын байгууллагын шугамаар нийтдээ 32 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан нь багшийн маань  сум орон нутгийн хөгжил, цаашлаад улс орны хөгжилд ихээхэн анхаарал хандуулж байсны илрэл юм гэдгийг онцолсон юм.  

  

Академич Ч.Авдай нь 1966 онд их сургуулиа механикч инженер мэргэжлээр төгссөнөөс хойш боловсролын салбарт 60 шахам жил ажиллахдаа 66-н сурах бичиг, гарын авлага, ном товхимол, бичиж, 85-н ном орчуулан редакторлаж, 15-н эрдэм шинжилгээний тайланг хүлээлгэн өгч, 29-н шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ авч, 128-н эрдэм шинжилгээний өгүүллийг гадаад дотоодын сэтгүүлд хэвлүүлж, 90 гаруй танин мэдэхүй, сурталчилгааны өгүүллийг хэвлүүлж, 34-н эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, 16-н үйлдвэр байгуулж, 22 ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээс гадна Шинжлэх ухааны доктор (Sc.D) - 6,  боловсролын доктор (Ph.D) - 28, мөн олон тооны магиструудыг удирдаж хамгаалуулсан байна. Удирдаж хамгаалуулсан эрдэмтдийн дундаас Монгол улсын хөдөлмөрийн баатар, аж үйлдвэрийн гавьяат ажилтан зэрэг олон арван алдартнууд төрсөн нь бахархалтай юм.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Академич, Ч.Авдай багшдаа эрүүл энх, аз жаргал, урт наслахыг бэлгэдэн ерөөж үр хойч, эх орон, залуу үе бидэндээ Эрдэм номын сайхан буянаа үргэлж хайрлаж яваарай гэж хүсэн ерөөе.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захиргаа,

ШУТИС-Эрдэм шинжилгээ, технологийн газар,

Үйлдвэрлэлийн технологийн сургууль,

Механик тээврийн сургууль