МУИС, ШУТИС хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлнэ

2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан “Төрийн өмчийн их сургуулиудын судалгаа, инновац, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, төсөл, хөтөлбөр боловсруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд МУИС, ШУТИС-ийн судлаачид хамтарсан шинэ төсөл хэрэгжүүлэхээр боллоо.

Тодруулбал, 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр МУИС-ийн Улаанбаатар парк дахь Эрдмийн зөвлөлийн өрөөнд “Монголд үйлдвэрлэгдсэн зэс нунтгийн шинж чанарыг тодорхойлох ба түүнийг ашиглан дэвшилтэт зэс суурьтай нано композит материал гарган авах судалгаа” төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

 

Төслийг МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Шинэ материалын лаборатори, ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн Металлурги, дэвшилтэт технологийн судалгааны төвийн судлаачид хамтран хэрэгжүүлэх юм.

Төслийн удирдагчаар МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) Б.Амгалан, ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн Металлурги, дэвшилтэт технологийн судалгааны төвийн захирал, доктор (Ph.D), дэд профессор М.Дэлгэрмаа нар ажиллана.

Энэхүү хамтарсан судалгааны ажлын хүрээнд Монголд үйлдвэрлэсэн зэс нунтгийн шинж чанарыг тодорхойлон, дэвшилтэт зэс суурьтай нано композит материал боловсруулах чиглэлээр судалгаа хийх бөгөөд үр дүнд нь хоёр сургуулийн хамтарсан эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, доктор, магистр, залуу судлаачдыг бэлтгэн хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Хамтарсан судалгааны багийн хамт олонд цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өндөр амжилт хүсье.