“Ноолуур судлал-2026” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Япон, Италийн эрдэмтэд ШУТИС-ийн удирдлагатай уулзлаа

2026 оны 10 дугаар сарын 1-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуульд зохион байгуулагдсан “Ноолуур судлал-2026” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Япон Улсын Киотогийн Технологийн Их Сургуулийн проректор (Kyoto Institute of Technology) доктор, профессор Сатоко Окүбаяши (Satoko Okubayashi), Итали Улсын Ториногийн Политехникийн Их Сургуулийн (Politecnico di Torino) доктор, профессор Ада Ферри (Ada Ferri) нар ШУТИС-ийн удирдлагатай уулзлаа.

Уулзалтад ШУТИС-ийн ректор Т.Намнан, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, академич, ШУТИС-ийн ХХҮДС-ийн ШССТөвийн захирал Д.Энхтуяа, Япон Улсын Киотогийн Технологийн Их Сургуульд (Kyoto Institute of Technology) дэд профессороор уригдан ажиллаж буй манай багш Д.Нарантогтох нар оролцов.Уулзалтын үеэр ноос, ноолуурын салбарын судалгаа, инноваци, тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, их сургуулиудын эрдэмтэн судлаачдын хамтарсан судалгааг хөгжүүлэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцож, эхний шатанд шинэ нэр төрлийн биоматериалын хамтарсан судалгааны төслийг хэрэгжүүлэхээр болов.

Тус өдөр зохион байгуулагдсан “Ноолуур судлал-2026” эрдэм шинжилгээний хурал нь ноолуур, ноосны салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдээд буй судалгааны үр дүнг олон нийтэд таниулах, ноолууран бүтээгдэхүүний онцлог болон давуу талыг судлан тогтоох, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд түгээн дэлгэрүүлэх, судалгаа–үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байв.

Хурлын үеэр профессор Сатоко Окүбаяши (Satoko Okubayashi) “Ноолуурын индиго будалт” сэдвээр, профессор Ада Ферри (Ada Ferri) “Инженерийн ая тух: Ноолууран спорт хувцасны боломж” сэдвээр, дэд проф. Д.Нарантогтох “Дахин боловсруулсан ноолууран даавууны хүртэх ба харах мэдрэмж” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, судалгааны үр дүн, олон улсын туршлагаа оролцогчидтой хуваалцлаа.

 

 

Гадаад харилцааны алба