“Ноолуур судлал-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл дизайны сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн Технологи инженерчлэлийн тэнхим, Шинжлэх Ухааны Академийн Техник, Технологийн салбарын Бага чуулган, Монголын ноос ноолуурын холбоо, Хөнгөн Үйлдвэрийн Судалгаа, Хөгжлийн Хүрээлэн болон салбарын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд “Ноолуур судлал-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, ШУТИС-ийн Ректор (Ph.D), проф Т.Намнан нар оролцож, мэндчилгээ, үг хэлж “Ноолуур судлал 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг албан ёсоор эхлүүллээ.

Тус хурал нь Монгол Улсын ноолуурын салбарын шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүнг хэлэлцэх, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулийн багш, оюутан, үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ноолуурын түүхий эдийн чанар, боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, инновац, шинэ технологийн хөгжлийг дэмжих зорилготой юм.

 

Хурлын үеэр ноолуурын түүхий эд, ширхэгтийн шинж чанар, материал судлал, боловсруулах технологи, будагч бодис ба химийн технологи, бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн технологи, шинэ материал болон инновацын шийдэл зэрэг чиглэлээр хийгдсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүн болон үндэсний экспертүүдийн олон улсын ISO стандарт хөгжүүлж бодит үр дүнд хүрсэн талаарх сонирхолтой илтгэлүүд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Италийн Торино технологийн их сургуулийн профессор Ada Ferri, Японы Киотогийн Технологийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, профессор Satoko Okubayashi нар судалгааны үр дүнгээ танилцуулсан мөн  ШУТИС-ийн эрдэмтэн багш нар, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэлийн салбарын судалгаа, хөгжлийн цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо.

Хурлаар Монголын ноолуурын үнэ цэнтэй түүхий эдийг шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан гүн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

  

“Ноолуур судлал-2026” хурал нь ноолуурын салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлтэй холбох, залуу судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжийг бий болгоход чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

ШУТИС-ийн зүгээс тус хуралд оролцож, судалгааны ажлаа танилцуулсан эрдэмтэн, судлаачид, багш, оюутан, үйлдвэрлэл, аж ахуйн нэгжийн төлөөлөл болон хамтран зохион байгуулагч байгууллагуудад талархал илэрхийлье.