Геологи, уул уурхай болон холбогдох салбарын 16 улсын 700 гаруй төлөөлөл оролцож буй GEOMINE 2026 олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 10 дугаар сарын 8–9-ний өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдаж байна.
Хоёр жил тутам зохион байгуулагддаг тус олон улсын хурлыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургууль зохион байгуулж, BGRIMM Group болон Wuhan University of Technology хамтран ажиллаж байна. Хурлын үндсэн зорилго нь геологи, уул уурхайн салбарын судалгаа, инновац, шинэ технологийн хөгжлийг дэмжих, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын түвшинд мэдлэг, туршлага солилцох боломжийг бүрдүүлэхэд оршиж байна.
GEOMINE 2026 хурлын хүрээнд эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил, байгаль орчин, нийгэм, засаглал (ESG), ашигт малтмалын боловсруулалт, уул уурхайн систем ба менежмент, уул уурхайн бодлого, боловсрол ба хүний нөөцийн чадавх, гео-систем ба эрдсийн шинжлэх ухаан, ногоон болон аюулгүй уул уурхай, дэвшилтэт технологи, уул уурхайн үйл ажиллагаа, эрчим хүч, машин тоног төхөөрөмж, гео-орон зайн мэдээлэл, GIS болон дижитал технологи зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж байна.
Хурлын нээлтийн ажиллагааны үеэр ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболат болон хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл мэндчилгээ дэвшүүлж, олон улсын хамтын ажиллагаа, салбарын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагын талаар байр сууриа илэрхийлж байна.
Энэ удаагийн GEOMINE 2026 олон улсын хурлын үндсэн илтгэгчээр ШУА-ийн Математик, дижитал технологийн хүрээлэнгийн профессор Энхбат Рэнцэн “Sphere Packing Approach to Ore-blending Optimization Model” сэдвээр, Тайвны National Central University-ийн профессор Fuan Tsai “When Geospatial Information Meets AI: Applications in Multi-source Monitoring and Spatial Analysis” сэдвээр тус тус илтгэл тавьж байна.
Мөн хурлын үеэр DESWIK LLC болон Australia, Atyrau Oil and Gas University, Kazakhstan-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслол зохион байгуулагдаж байгаа нь геологи, уул уурхайн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
GEOMINE 2026 олон улсын хуралд ШУТИС-ийн эрдэмтэн багш, судлаачид идэвхтэй оролцож, геологийн зураглал, ашигт малтмалын боловсруулалт, зэсийн порфирийн ордын агуулгын үнэлгээ, үнэт металлын зах зээл, эрдэс баялгийн тогтвортой засаглал, уул уурхайн инженерийн боловсрол, геотехникийн лаборатори, оюутны амжилт, газар хөдлөлтийн судалгаа, геодезийн сүлжээ, уул уурхайн тээврийн хэрэгслийн эрчим хүчний менежмент, ил уурхайн хэмжилт, уул уурхайн тоног төхөөрөмжийн эрчим хүчний хэрэглээ зэрэг чиглэлээр судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж байна.
Түүнчлэн хурлын хөтөлбөрт олон улсын болон дотоодын судлаачдын постер илтгэлийн хуралдаан багтсан бөгөөд оролцогчид судалгааны үр дүн, шинэлэг санаа, технологийн шийдлээ танилцуулж, мэргэжлийн хүрээнд санал солилцох боломж бүрдэж байна.
GEOMINE 2026 олон улсын эрдэм шинжилгээний хурал нь геологи, уул уурхайн салбарын шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэлтэй уялдуулах, судлаачид болон салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу судлаач, оюутнуудын оролцоог дэмжих, Монгол Улсын эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжлийн асуудлаар олон улсын түвшинд мэдлэг, туршлага солилцох чухал талбар болж байна.

GEOMINE 2026 олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 10 дугаар сарын 9-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
GEOMINE 2026 олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
“Ноолуур судлал-2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
“Нүүрсний боловсруулалтын технологи” хамтарсан 2+2 хөтөлбөрийн 20 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа
Киотогийн Их Сургуулийн проректор Фүюүки Ишикава болон бусад төлөөлөгчдийг Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар хүлээн авч уулзлаа
“Ноолуур судлал-2026” эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Япон, Италийн эрдэмтэд ШУТИС-ийн удирдлагатай уулзлаа