“ГИГАКҮ Боловсрол” 9 дэх удаагийн хэлэлцүүлэг (The 9th Panel on GIGAKU Education) болов

Нагаока Технологийн Их Сургуулийн санаачилсан “Тогтвортой хөгжлөөр замнах инженерийн боловсролын сүлжээ” UNESCO-UNITWIN хөтөлбөрийн цахим хэлэлцүүлэгт “ГИГАКҮ боловсрол” сүлжээний улс орнуудын 10 их дээд болон коосен сургуулийн координаторууд оролцов. Монголоос ШУТИС-ийн Нээлттэй боловсролын хүрээлэн, ГИГАКҮ Техно Парк офисс, Шинэ Монгол Коосен Технологийн Сургуулийн төлөөллүүд сүүлийн үеийн үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулав. Хэлэлцүүлгээр практикт суурилсан инженерийн боловсролыг дэмжих GIGAKU SDG сүлжээний үйл ажиллагааны өнөөгийн байдлыг танилцуулж, UNESCO-ийн төлөөлөгч Ровани Сегамони (Rovani Sigamoney) Африкийн инженерийн боловсролын тогтвортой хөгжилийн өнөөгийн тулгамдаж буй асуудлыг жендерийн тэгш байдалтай уялдуулах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллгаа, сорилтуудын талаар мэдээлэл хийв. Эмэгтэйчүүдийн STEM сургалтын хамрагдалт дунджаар 1/3 байгаа нь хангалттай бус байгаа бөгөөд энэ асуудлыг шийдэх зорилгоор “Ирээдүйн төлөөх гэрээ-Pact for the Future” хөтөлбөрийн 5 чиглэл 56 үйл ажиллагааг товч танилцуулав. Мөн Тайландын Делта Электроникс Бизнес Хөгжлийн Нэгдлийн үүсгэн байгуулагч инженерийн хөтөлбөрийг сайжруулах үйл ажиллагааны туршлагаа хуваалцав. Тэрбээр, ажил олгогч талтай хамтран “Боловсролын Сэндбокс-Education Sandbox” концепцоор хөтөлбөр шинэчлэлээ хэрэгжүүлдэг ажээ. Үүгээр академик модуль сургалт ба төгсөх оюутнуудыг ажил олгогчтой хамтарсан Co-op education Internship дадлагын сургалтыг 16/14 харьцаатай “сэндбокс”-т оруулж хөгжүүлсэн үр дүн, туршлагаа танилцуулав. Үүнийгээ захиалгат хөтөлбөр (customized curriculum) гэж нэрлэн ажил олгогчтой хамтран боловсруулсан учраас төгсөгчдийг ажлын байртай болгох, ажил олгогчийн эрэлтэд суурилсан хүний нөөц бэлтгэхэд маш чухал нөлөө үзүүлж байгааг онцлон тэмдэглэв. Испаны Деүсто их сургуулийн орлогч декан мөн дээрхтэй төстэй “эрэлттэй байгаа топ 10 мэргэшил ба сургуулийн топ 20 мэргэшүүлэх хичээлүүд”-ийг уялдуулах хөтөлбөрийн шинэчлэл хийж авъяастнуудыг бэлддэг туршлагаа ярив.

Хэлэлцүүлгийн төгсгөлд НТИС-ийн Проф. Миками, “Инженерийн ёс зүй, хариуцлага” сурах бичгийг бэлтгэхэд талуудаас “жишээ, кэйс” цуглуулахад дэмжлэг үзүүлэхийг уриалав. Иймд ШУТИС-ийн эрдэмтэн, багш нарыг инженер хүний хариуцлага, ёс зүй, тогтвортой хөгжлийн талаарх монголын жишээг цуглуулах товч форматыг доор хавсаргав. Та энэ форматыг жишээний дагуу бөглөөд basanda.c.aa@must.ed.mn хаягаар ирүүлбэл уг сурах бичигт таны оролцоо болох юм.

Жишээлбэл: Эзэнт гүрний үеийн Их засаг хуулийн 33, 34, 35-р зүйлд бэлчээр, мал, байгал орчинтой зүй бус харьцахыг хориглохдоо хатуу чанга шийтгэл ноогдуулдаг байсан. Энэ нь тогтвортой нүүдлийн соёл иргэншилийг бидэнд өвлүүлэн авчирхад их нөлөөлсөн” тухай эпизод.

Канадын инженерийн сургуулийн төгсөгчийн бөгж бол “Квиэбэк хотын гүүр нурж олон хүний амийг авч одсон ослыг “инженер хүн ийм гүүр барьж болохгүй шүү” хэмээн сануулж уг гүүрийн үлдэгдэл гангаар бөгжөө хийсэн байдаг тухай эпизод.