ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо

ШУТИС бол Монгол улсын хөгжлийн нэг тулгуур болсон инженерүүдийг бэлтгэдэг. Ирээдүйн инженерүүдийн мэдлэг, ур чадвар нь байгалийн шинжлэх ухаан дээр суурилдаг. Иймээс ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль нь оюутнуудад математик, физик болон химийн шинжлэх ухааны суурийг тавьж өгдөг сургууль төдийгүй  мөн ЕБС-ийн сурагчдыг байгалийн шинжлэх ухаан болон инженерийн мэргэжилд сонирхолтой болгох олон талт үйл ажиллагаа явуулдаг.

Үүний нэг нь ХБНГУ-ын Саксон муж улсын шинжлэх ухаан, боловсролын төлөөлөгчийн газар, Гёте институт, Фрайбергийн уул уурхайн академи, техникийн их сургуультай хамтран зохион байгуулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" өдөрлөг байлаа. Тус өдөрлөгийг нээж ШУТИС-ийн гадаад харилцааны албаны дарга Г.Батзориг болон ХБНГУ-ын Монгол улсад суугаа элчин сайдын яамны хадагтай Мүйллер-Декү нар үг хэлж нээлээ.

 

"Шинжлэх ухаан бол зугаатай!" өдөрлөгт ХБНГУ-аас ноён Ёоахим Хекерийг  ХБНГУ-ын Саксон муж улсын шинжлэх ухаан, боловсролын газрын төлөөлөгч Д.Болормаа, ХШУС-ийн захирал Б.Тунаглагтамир нар урьж оролцуулсан байна. Ёоахим Хекер нь Вестдойчер рундфунк телевизийн “Хулганатай хамтдаа” хэмээх шинжлэх ухаан, танин мэдэхүйн цуврал нэвтрүүлгийг сургуулийн насны хүүхдүүдэд зориулан бэлтгэж явуулдаг бөгөөд өөрөө хүүхдийн танин мэдэхүйд зориулсан цуврал ном бичиж хэвлүүлсэн, АНУ, БНХАУ, Тайван болон Европын бүх орнуудад уригдан өөрийн шоугаа хийдэг.

 

  

 

Тус өдөрлөг дээр Герман хэл дээр сургалт явуулдаг ЕБС-ийн сурагчид оролцож зугаатай, хөгжилтэйг байдлаар шинжлэх ухааны мэдлэгийг олголоо.

Үүний зэрэгцээ ХШУС-ийн химийн инженерчлэлийн тэнхим дээр явагдаж байгаа мэргэжлүүдийн талаар тус тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) Г.Саран болон С.Баяржаргал нар мэдээлэл, зөвлөгөө өглөө.

 

Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол дахь Гёте-Институт, Фрайбергийн Техникийн их сургуулийн хамт олон болон Саксон муж улсын шинжлэх ухаан, боловсролын салбарын төлөөлөгчид ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн нийт хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.