Импакт фактор бүхий сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн багш, судлаачдыг хүлээн авах анхдугаар уулзалт боллоо


     ЭША-наас олон улсын түвшинд хийгдсэн эрдэм шинжилгээний ажлыг үнэлэх, олон нийтэд танилцуулах, сурталчлах, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд хийгдэж байгаа эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих зорилгоор импакт фактор бүхий мэргэжлийн сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн багш судлаачдыг хүлээн авах анхдугаар уулзалтыг 2015 оны гуравдугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
 
     Уулзалтыг нээж ШУТИС-ийн ректор, доктор Б.Очирбат хэлсэн үгэндээ “ШУТИС-2021 он хүртэлх хөгжлийн замын зураглалдаа судалгааны их сургууль болох зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд бид судалгааны материаллаг бааз, дэд бүтцийг бий болгох, хөгжүүлэх, судалгаанд суурилсан сургалт явуулах, профессорын баг бүрдүүлэх, үүнтэй уялдах олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд дэлхийн шинжлэх ухааны тэргүүлэх мэдээллийн сан Томсон Ройтерсийн индекстэй мэргэжлийн сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлсэн багш судлаачдаа дэмжин ажиллаж, дээрх үйл хэрэгт профессор, багш судлаач та бүхний хувь нэмэр чухал байх болно” хэмээн онцоллоо.
 
      Уулзалтын үеэр ректорын тушаалаар ШУТИС-ийн нэр дээр импакт фактор бүхий олон улсын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн судлаачдад батламж, дурсгалын зүйл гардуулж, нэгдүгээр болон репринт зохиогчоор хамгийн олон өгүүлэл хэвлүүлсэн, эшлэл хийгдсэн ЭХС-ийн ахлах багш А.Амаржаргалыг 1,000,000 төгрөгөөр, холбоо барих зохиогчоор бүтээлээ хэвлүүлсэн ГУУС-ийн багш, дэд профессор Б.Батхишиг, ахлах багш Ө.Бүрэнжаргал нарыг тус бүр 500,000 төгрөгөөр, хамтран зохиогчоор өгүүлэл хэвлүүлсэн ХШУС-ийн багш профессор Д.Цэдэнбаяр, багш В.Өлзийбаяр нарыг тус бүр 500,000 төгрөгөөг шагнаж урамшууллаа.
 
    ШУТИС Томсон Ройтерсийн мэдээллийн санд 2003 оноос өнөөдрийг хүртэл нийт 171 судалгааны өгүүлэл бүртгэгдэж, 293 удаа эшлэгдэн үндэсний хэмжээнд судалгааны гүйцэтгэлийн 12,4 хувийг эзлэж байна. Нийт бүртгэгдсэн ШУТИС-ийн 171 өгүүллээс 2011-2014 онд 53 өгүүлэл хэвлэгдэж, 63 удаа эшлэгдсэн байна. ШУТИС-ийн судлаач, хамтарсан судалгааг АНУ, ХБНГУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсуудын эрдэмтэдтэй түлхүү хамтын ажиллагаатай ажилласан байна.
 
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА