“Алтны хүдэр баяжуулах технологийн үндэс” номын хэлэлцүүлэг 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Шинжлэх ухаан технологийн төв номын санд боллоо. Тус номын зохиогчоор Австралийн эрдэмтэн Ж.Ро, Н.Ж.Велэм, Академич Ж.Тэмүүжин, Доктор Б.Чинзориг нар, редактороор Монгол Улсын Анхны ерөнхийлөгч, Академич П.Очирбат ажиллажээ. Тус номын хэлэлцүүлгийг Шинжлэх ухаан технологийн төв номын сан, Уул уурхайн инженерийн сургууль хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын судалгааны төв, Ерөнхийлөгчийн тамгын газрын номын сан, БОЯ, ШУТИС, МУИС, УУИС, АМХЭГ, Уул уурхайн хүрээлэн, Хими химийн технологийн хүрээлэн, бусад төрийн бус байгууллагын эрдэмтэн судлаачид оролцлоо. “Алтны хүдэр баяжуулах технологийн үндэс” ном нь Уул уурхайн баяжуулалтын салбарт Олон улсын эрдэмтэдтэй хамтран Оюуны өмчийн газраас зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан анхны бүтээл болжээ.
2012 онд академич Ж.Тэмүүжингийн урилгаар Др.Ноколас Велэм монголд айлчилж Алтны хүдрийн боловсруулалтын чиглэлээр хоёр өдрийн сургалт зохион байгуулжээ. Энэ үеэр сургалтад хамрагдсан хүмүүст Австралийн алтны үйлдвэрийн ажиллагчдад зориулж бичсэн “Алтны хүдэр баяжуулах технологийн үндэс” гарын авлагыг олны хүртээл болгон. Энэхүү ном нь Австралийн алтны үйлдвэрлэлд ажилладаг хүмүүст алтны хүдэр баяжуулалтын физик-химийн болон технологийн үндэсийг ойлгуулахад чиглэгдсэн байв. Тус сургалтад хамрагдсан хүмүүс болон Монголын уул уурхайн салбарт ажиллагсадтай уулзаж ярилцсаны дараа уг гарын авлагыг орчуулж Монгол Улсын алтны салбарын жишээ, хүдэр бэлтгэх технологи болон бусад технологийн процессоор баяжуулж Монголын уул уурхайн салбарт ажиллагсад, эрдэмтэн судлаачид, оюутнуудад зориулсан ном болгон хэвлүүлжээ. Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн судлаачид зохиогчдоос сонирхсон асуултаа асууж, саналаа хэлэв. Тус номыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг холбосон цаг үеэ олсон бүтээл гэж оролцогчид өндөрөөр үнэлж баяр хүргэлээ.
Мөн хэлэлцүүлгийн үеэр Шинжлэх ухаан технологийн төв номын сангаас номын зохиогчдод №001 дугаартай батламж олгов.
ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургуулийн “Барилгын Материал Судлал” -ын клубээс зохион байгуулсан “Ахмад багшийн уулзалт” өдөрлөг
Элсэлтийн шалгалтгүй элсэгчдийн бүртгэл
“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2024” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан НҮБ-ын Олон улсын зөвлөхөөр ажиллаж Бутан улсад “Сарлагийн хөөвөр самнах, боловсруулах” сургалт хийлээ
"Хиймэл оюун ухаан" номын нээлт боллоо