Монгол улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн Барилга, Архитектурын Сургууль (БАС)-ийн Барилгын инженерийн салбарын санаачилгаар “ГАН ГҮҮР-2018” тэмцээн 2018 оны 3-р сарын 23-24-ний өдрүүдэд ШУТИС дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.
Энэхүү тэмцээний зорилго нь Монгол улсын их, дээд сургуулиудад барилга, авто зам, гүүрийн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх чадвар, тэдний бүтээлч сэтгэлгээ болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй инженерүүдийг бэлтгэх, цаашид Азийн Ган Гүүрийн Тэмцээн (Asia Steel Bridge Competition)-д монгол улсаа төлөөлөн оролцох оюутнууд туршлага хуримтлуулах явдал байлаа.
Энэ удаагийн тэмцээний эцсийн шалгаруулалтад ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн долоо, Монголын Үндэсний Их Сургуулийн хоёр, Техник, Технологийн Дээд Сургуулийн хоёр, “Хүрээ” Дээд Сургуулийн нэг баг, нийт 12 багийн 80 гаруй оюутнууд өөрсдийн мэдлэг, чадвараар өрсөлдлөө.
Оролцогч багууд “Азийн ган гүүр 2017” тэмцээний дүрмийн дагуу 4~4,4 м урттай, 60см өргөнтэй энгийн дам нуруун гүүрийг өөрсдөө төсөллөж, барилгын гангаар үйлдвэрлээд тэмцээний талбайд угсарч, ачаалж уралдсан ба Угсралтын өртөг, Бүтээцийн өртөг, Нийт өртөг, Гоо зүй, Илтгэл, Хотойлтын урьдчилсан таамаг төрлүүдэд дараах байруудыг эзлэв. Үүнд:
1. Угсралтын өртгөөр: 1-р байр – ШУТИС-ийн “Найман ханат” баг
2-р байр – ШУТИС-ийн “Triple S” баг
2. Бүтээцийн өртгөөр: 1-р байр – Хүрээ ДС-ийн “Archer” баг
2-р байр – ШУТИС-ийн “Залуу инженер” баг
3. Нийт өртгөөр: 1-р байр – ШУТИС-ийн “Аравт-2” баг
2-р байр – Хүрээ ДС-ийн “Archer” баг
4. Гоо зүйгээр: 1-р байр – ШУТИС-ийн “Залуу инженер” баг
2-р байр – ШУТИС-ийн “Аравт-2” баг
5. Илтгэлээр: 1-р байр – ШУТИС-ийн “ИбҮБИ-3-1” баг
2-р байр – ШУТИС-ийн “Найман ханат” баг
6. Хотойлтын таамгаар: 1-р байр – ШУТИС-ийн “Triple S” баг
2-р байр – ТТДС-ийн “Бүтээгч Монгол” баг
Нэгдсэн дүнгээр:
1-р байр – ШУТИС-ийн “Аравт-2” баг
2-р байр – ШУТИС-ийн “Найман ханат” баг тус тус шалгарлаа.
Энэхүү мэргэжлийн уралдаанд идэвхтэй оролцсон нийт багийн оюутнууд, дэмжиж хамтран ажилласан ШУТИС-ийн БАС, Барилга, Хот Байгуулалтын Яамны Барилгын Хөгжлийн Төв, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, “Баяр багш” сан, “Гурван тахилгат оргил” ХХК, шударгаар шүүсэн шүүгч нар, зохион байгуулж ажилласан нийт багш, ажилтнууддаа гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд цаашдын ажил үйлс нь өөдрөг амжилттай байхыг ерөөе.
Тэмцээнийг Монголын үндэсний телевизийн мэдээний баг 2018-3-24-ний өдрийн 13:00 цагийн мэдээгээр шууд сурвалжлахын зэрэгцээ 20:00 цагийн “Цагийн хүрд”, мөн Ийгл ТВ-ийн 19:00 цагийн мэдээгээр уг тэмцээний тухай орон даяар мэдээлэгдэв.
Тэмцээний Facebook page: “Ган гүүрийн тэмцээн”.
Илтгэлийн уралдаан, 2018-3-23.
Тэмцээнд оролцогч багууд тэмцээний дараа, 2018-3-24.
“Ган гүүр-2018” тэмцээний Тэргүүн байрын эзэн ШУТИС-ийн “АРАВТ-2” баг
“Ган гүүр-2018” тэмцээний Дэд байрын эзэн ШУТИС-ийн “НАЙМАН ХАНАТ” баг
Мэдээ бэлтгэсэн: ШУТИС-ийн БАС-ийн Барилгын Инженерийн Салбар
ШИнжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутны X их наадам боллоо
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2024” амжилттай болж өндөрлөлөө
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа
Хятад хэлний клубийн “Төгсөгчдийн цуврал лекц”, “Зочин профессорын лекц”, “Ярианы булан” ба “Соёлын хичээл” боллоо
ШУТИС-ийн багш нар ӨМИС-ийн урилгаар сургалтад хамрагдлаа