“АЛТАН ГАДАС” оногоор гадаад багш шагнагдлаа

Монгол улсад 22 жил тасралтгүй ажилласан ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн харьяа Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төвийн зөвлөх багш Ким Сонми Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртэж 2024 оны 6 сарын 24-ны өдөр Төрийн ордноос ёслол төгөлдөр гардаж авлаа.

Ким Сонми нь 2000 оноос “Сү-Янг” нийтийн хоол үйлдвэрлэлийн компанид ажиллаж байхдаа тус компанийн шугамаар Монгол улсад сайн дурын ажилтнаар томилогдон анх ажиллаж, 2003 оноос ШУТИС-ийн харьяа Монгол-Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төвийн ахлах судлаач, 2006-2009 он хүртэл тус төвийн захирал, 2009 оноос одоог хүртэл зөвлөхөөр ажиллаж байна. Монгол улсад нийт 22 жил тасралтгүй ажиллаж байгаа ба түүний манай оронд оруулсан хувь нэмэр туйлын их билээ. Тэрээр 2006 оноос “WITH” ТББ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр давхар ажиллаж манай улсад хоолзүйн салбарыг хөгжүүлэхэд олон чиглэлт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн юм. Үүнд:  

  • 2000 оноос ШУТИС анхны хоол зүйч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн ба 2005 оноос “эмнэлгийн хоол зүйч”, “сургуулийн хоол зүйч”-ээр хоол зүйчдийг мэргэшүүлэх хөтөлбөрийг санаачлан, удирдан зохион байгуулж амжилттай хэрэгжүүлсэн ба одоогоор 130 гаруй мэргэшсэн хоолзүйчдыг бэлтгээд байна.
  • 2001-2009 онд эмнэлгийн хоол, хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн менежментийг олон нийтэд сурталчлан таниулах, хоол зүйн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр 1000 гаруй хүмүүсийг хамруулсан цуврал сургалт, семинарыг тасралтгүй зохион байгуулж, 200 гаруй хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн мэргэжилтнүүдийг Солонгос улсад туршлага судлах боломжийг бүрдүүлж дадлагажуулсан.
  • 2006-2015 онд Монгол улсын БШУЯ, “WITH” ТББ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд “Сургуулийн өдрийн хоол” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахалж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль, Архангай аймгийн 2 дугаар сургууль, Булган аймгийн Дашинчилэн сумын сургуулиудад Загвар гал тогоог байгуулах, тоног төхөөрөмж-туслах хэрэгслээр хангах, үр дүнг нутагшуулах, хоолзүйчийг дадлагажуулан бэлтгэсэн. Загвар сургуулиуд нь сургуулийн үдийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах загвар болж Засгийн газрын “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр рүү шилжүүлэх боломжийг бодитоор харуулсан ажил болсон.
  • 2012-2016 онд “Халдварын бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, шим тэжээлийн боловсрол олгох төсөл”-ийг санаачлан КОЙКА болон “WITH” ТББ-ын Сонгино-Хайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн дэргэд “Шим тэжээлийн боловсрол олгох кабинет"-ыг байгуулж, дүүргийн 10,000 гаруй иргэдэд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх шим тэжээлийн боловсрол олгох, чихрийн шижин, таргалалттай өвчтөнүүдэд зориулсан цуврал сургалтуудыг явуулах аргазүйг эрүүл мэндийн салбарт нутагшуулах ажилд хувь нэмрээ оруулсан ба төслийг өргөтгөн өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төв болон амбулаторийн түвшинд “Шим тэжээлийн боловсрол олгох кабинет”-ын төслийг бичиж, амжилттай хэрэгжүүлэв. Мөн төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийг түшиглэн “Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн менежментийг сайжруулах” төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслөөр өвчтөнд чиглэсэн эмнэлгийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн эмчилгээний ОУ-ын стандартад нийцүүлсэн анхны жишиг ажил болсон бөгөөд одоо үйл ажиллагаа нь Гялс, Интермед зэрэг хувийн эмнэлгүүдэд амжилттай нутагшсаар байна.
  • 2018-2020 онд “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах” төслийг санаачлан цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрын загварыг төлөвлөх, эхлүүлэх, гүйцэтгэж хэрэгжүүлэх, төслийн үйл явцыг үнэлэх бүхий л шатанд гар бие оролцон ажилласан. Төслийн хүрээнд “Шим тэжээлийн сургалт, танин мэдэхүйн өрөөг” анх удаа байгуулж, бага наснаас нь зөв хооллох боловсрол олгох орчныг бүрдүүлж өгсөн. Мөн нийслэлийн хэмжээний цэцэрлэгийн захирал, аргазүйч, багш, эцэг эхчүүдэд шим тэжээлийн боловсрол олгох ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж, цэцэрлэгийн хоолны газрын загварыг бий болгосон юм. Төслийг нэвтрүүлсэн Сонгино-Хайрхан дүүргийн 117-р цэцэрлэг нь нийслэлийн бусад цэцэрлэгүүдэд тэргүүн туршлагаа хуваалцан ажиллаж байна. Уг төсөлд нийт 890 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн юм.
  • Монгол Улсын Их хурлаар 2019 онд анх удаа “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийг соёрхон баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангахад Ким Сонми нь КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол улсад 2022-2026 оны хугацаанд хэрэгжих 8 сая ам долларын санхүүжилттэй “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн Монголын талын удирдагчаар ажиллаж байна.

 

Түүний хийсэн ажлыг Монгол улсын төр засаг өндрөөр үнэлж, Боловсролын яамны жуух бичиг, Боловсролын тэргүүний ажилтан, Монгол улсад Худалдаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медалиар тус тус шагнаж урамшуулсан байна. Тэрээр ШУТИС-ийн Шим тэжээл судлалын төвд Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын эрүүл энх сурч хүмүүжих орчныг бий болгох, хоолзүйн, шим судлалын боловсон хүчнийг дадлагажуулан бэлтгэх ажлыг 2000 оноос хорь гаруй жил тасралтгүй зохион байгуулж, Монгол улсын сургуулийн болон эмнэлгийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн менежментийг сайжруулах олон чиглэлд нийт 31.0 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилттэй төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, нутагшуулаад байгаа юм.