Шинжлэх ухаан технологийн их сургуульд Орос номын "хур буулаа"
ШУТИС-д орос номын хур буув.//Ардын эрх -2008.04.01.-№65(085)       
 

 

 

      
 Шинжлэх ухаан технологийн их сургуульд өчигдөр Орос номын "хур буулаа". М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль, Москвагийн эрчим хүчний их сургууль, Барилгын инженерийн сургуулийн эрдэмтэн, багш нарын туурвисан техник, технологийн чиглэлийн ном эхлэн тус сургуулийн номын сангийн фондыг баяжуулав. Мөн ОХУ-ын Эрчим хүчний хэвлэлийн газар, Барилгын их сургуулийн ассиоциацийн хэвлэлийн газар, Хүнсний хэвлэлийн газар, "ОООДели" интернет номын худалдааны төвийн бүтээлүүд ч багтаж байна. Сэдэвчилбэл эрчим хүч, барилга, хүнс биотехнологи болон суурь боловсролын чиглэлээр 670 гаруй төрлийн 1251 гаруй ном, сурах бичиг, 60 гаруй сэтгүүл, 270 гаруй номын катологиос бүрдэж буй юм. ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн номын үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ "Манай сургууль гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд техник, технологийн чиглэлийн номын үзэсгэлэнг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жил ОХУ-ын "Мир горной книги" хэвлэлийн газартай хамтран уул уурхайн чиглэлийн 400 гаруй ном, сурах бичгийн үзэсгэлэн гаргасан. Тус хэвлэлийн газар нь манай сургуульд 170 төрлийн 711 ширхэг,5000 ам.долларын үнэ бүхий ном бэлэглэсэн нь оюуны асар том хөрөнгө оруулалт болсныг хэлэхэд таатай байна. Энэ үзэсгэлэнд ч тус хэвлэлийн газар оролцож буй.  Аливаа их сургуулийн эрхэм зорилго бол номын сан. Тэр ч утгаараа багш, оюутнуудаа сүүлийн үеийн мэдээллээр хангах, сонгосон мэргэжлээр нь гүнзгийрүүлэхэд мэргэжлийн ном маш чухал. Ялангуяа мэргэжлийн чиглэлээр бичигдсэн номын олдоц ховор энэ үед энэхүү үзэсгэлэн чухал ач холбогдолтой" гэж тэмдэглэсэн юм. Тэгвэл тус сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор Т.Батбаяр "Цаашид ШУТИС-ийн номын санг баяжуулах, дэлхийн их сургуулийн номын сангийн хэмжээнд хүрэхэд томоохон үзүүлэлт болох болов уу. Ирэх хичээлийн жилд манай сургууль номын сангийн цогцолборыг ашиглалтад оруулахаар барьж байна. Энэхүү шинэ номын санг байгуулахад энэ үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд томоохон хэмжээний оюуны хөренгө оруулалт болох нь дамжиггүй гэж бодож байна" хэмээн дүгнэсэн юм.
Дашрамд тэмдэглэхэд ОХУ нь эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн орны нэгд ордог байна. Тиймээс ШУТИС нь тус улсын эрдэмтдийн бүтээлийг сургалтандаа ашиглахыг зорьдог ажээ. Хэрвээ та орос номын үзэсгэлэнг сонирхохыг хүсвэл ШУТИС-н номын санд зочилж болно. Орос номын үзэсгэлэн бүтэн долоо хоногийн турш гарах юм.
       

 Тeвлeрсeн номын сан