“Тэрбумтан оюутан” төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
ШУТИС-ийн ОХҮА-наас Судлаач оюутан клубтэй хамтран “Эрдэмтдийн лекц” цуврал арга хэмжээг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хоёр дахь зочин эрдэмтнээр доктор (Ph.D), дэд профессор Ц.Түвшинтөр “Далайд гарцтай Монгол орон ба мэдээллийн технологи” лекц уншлаа. Лекц 2014 оны 10 дугаар сарын 22-нд ШУТИС-ийн хурлын танхимд, Хүний хөгжил хичээлийг судлаж буй оюутнуудад 10 дугаар сарын 27-нд TV зааланд, 10 дугаар сарын 29-нд МХТС-ийн оюутнуудад тус тус уншиж байна.
Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн ОХҮА-ны ахлах мэргэжилтэн (Албаны дарга хавсран гүйцэтгэгч) Д.Цогзолмаа үг хэлсэн. Тэрээр бид оюутнуудаа төлөвшүүлэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэхүй, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд анхааран оюутнуудын клубүүдтэй хамтран ажилладаг үйл ажиллагааны нэг нь энэхүү “Эрдэмтдийн лекц” юм. Тус лекцийн онцлог нь нийгэмд танигдсан цаашид манай оюутнуудтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллах боломжтой эрдэмтэн, судлаачидтай лекц, семинар, төсөл хөтөлбөр гэсэн үе шаттай зохион байгуулагдаж байна. Лекцэнд хамрагдсан оюутнуудаас өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй оюутнуудыг сонгон шалгаруулан хамтран ажилладагаараа онцлог давуу талтай. Тиймээс энэ удаагийн лекцэнд доктор (Ph.D) Ц.Түвшинтөр оролцож байна. Тус ажлын үр дүн нь эрдэмтэн, оюутан нарын хамтын ажиллагаа, оюутан та бүхний идэвхи, сэтгэл оролцоо юм шүү гэдгийг хэллээ.
 
Доктор (Ph.D) Ц.Түвшинтөр “Далайд гарцтай Монгол орон ба мэдээллийн технологи” лекцийг
1.      Инновацийн орчин Монголд
2.      Далайд гарцтай Монгол орон
3.      Мэдээллийн технологийн хөгжил
4.      Алгоритмд суурилсан эдийн засаг гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд сонирхолтой лекцийг уншлаа.
Эрдэмтэн Ц.Түвшинтөр оюутнуудын сонирхсон асуултуудад хариулт өгч, монгол оюутнууд германы их дээд сургуулийн жишгээр суралцаж төгсөөд гуравны нэг нь томоохон компанид ажиллах, гуравны нэг нь цаашид үргэлжлүүлэн суралцаж судлаач эрдэмтэн, багш болох, гуравны нэг нь баг болж startup гарааны компани байгуулах хүсэл эрмэлзлэлтэй болох тухай ярилцлаа. Мөн оюутнууд ямар түвшинд төгсөж байгаа, тэдэнд тулгамдаад байгаа бүтээлч сэтгэлгээний асуудал, нарийн технологи эзэмших, өөрийн ирээдүйг бий болгох, “Тэрбумтан оюутан” хөтөлбөрийн талаар ярьж үзэл бодлоо хуваалцлаа.
Их дээд сургуулиудаас ШУТИС анх удаа биднийг оюутантай холбож гарааны компани байгуулах боломж бүрдүүлэн дэмжиж байгаад Ц.Түвшинтөр талархал илэрхийллээ.  Мөн цаашид семинарын ажиллагаа 2014 оны 10 дугаар сарын 30-нд 14:00 цагаас IT паркт зохион байгуулагдана. Доктор Ц.Түвшинтөр ШУТИС-ийн оюутнуудтай хамтран “Тэрбумтан оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Тус лекцийн төгсгөлд Зочин эрдэмтэн Ц.Түвшинтөрд ШУТИС-иас талархал гардууллаа.
 
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
СУДЛААЧ ОЮУТАН КЛУБ