Дэлхийн топ 100 их сургуулийг тэргүүлдэг АНУ-ын Массачусеттсын технологийн институтийн үнэлгээний баг, төлөөлөгчид ШУТИС-д зочиллоо.
Mассачусеттсын технологийн институтийн гадаад харилцаа эрхэлсэн захирал Д.Виддек тэргүүтэй зочдын бүрэлдэхүүн Боловсрол шинжлэх ухааны яамны урилгаар Монгол Улсад долоо хоногийн хугацаатай айлчилсан ба ШУТИС-д дөрөв хоног ажиллаж Монголын их дээд, сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм.
ШУТИС-д ажиллах үеэрээ тэд манай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш удирдлагуудтай уулзаж, сургалт, судалгааны өнөөгийн байдал, ирээдүйн зорилго чиглэл, хамтарч ажиллах боломжийн талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
Mассачусеттсын технологийн институтийн хувьд Монгол Улстай хамтрах боломжийн талаар тус сургуулийн гадаад харилцаа эрхэлсэн захирал доктор Д.Виддек өгүүлэхдээ:
-“Суурь боловсрол сайн.
- Газар зүй, цаг уур зэрэг онцлогууд нь инновацийн хувьд маш сонирхолтой.
- Улаанбаатар хотын хөгжил, төлөвлөлт нь дэлхийн хотуудад тулгарч буй асуудлуудыг цомхон хэлбэрээр төлөөлж чадах учраас хамтарч ажиллахад ихэд сонирхолтой байна” гэсэн юм.
Тус сургуулийн Үнэлгээний баг, төлөөлөгчид MIT-ийн тухай товч танилцуулга, АНУ-ын дээд боловсролын үндсэн суурь судлагдахуун болсон liberal arts education буюу инженерийн салбаруудад заавал судлах хүмүүнлэг, нийгмийн ухаан, байгалийн ухааны 8 курс хичээлийг заавал судлуулж “ ХҮН” болгоход нь тусладаг сургалтын талаар, MIT /International Science and Technology Initiatives or the International Development Initiative/ буюу Олон улсын Шинжлэх ухаан, технологийн хамтарсан санаачилгуудыг Сингапур, Энэтхэг, ОХУ, Португаль, Англи зэрэг улсуудад хэрхэн хэрэгжүүлсэн туршлагуудын талаар илтгэлүүд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн түүнчилэн ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн харьяа Хүнс судлалын төвийн үйл ажиллагаа, лабораторитай танилцаж, профессоруудтай уулзалт хийсэн юм.
Хэрэв MIT Монгол Улстай түншилж зарим их дээд сургуулиудтай хамтран ажиллах төсөл хөтөлбөр хэрэгжүүлбэл монголын эдийн засгийг дэлхийн эдийн засагтай холбох, шинжлэх ухаан, технологийн дэлхийн хэмжээний дэд бүтцийг бий болгох өргөн боломж нээгдэхийн сацуу монголын шинжлэх ухаан технологийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх бололцоо бүрдэх юм. Дэлхийн түвшний боловсролыг эх орондоо эзэмшүүлэхээр зорьж буй ШУТИС-ийн хувьд тэдний туршлагаас хуваалцах, суралцах зүйл олон байлаа.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА