Нано буюу ухаалаг даавууны үйлдвэртэй боллоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Эрдэнэт текс” компанийн ноос угаах үйлдвэр, “Эрдэнэт кашмер” компани болон ШУТИС-ийн хамтарсан нано бүрхүүлт даавууны үйлдвэрийн нээлт болов. Монголд анх удаа хөнгөн үйлдвэрийн салбарт нано технологиор даавуу үйлдвэрлэж эхэллээ. Энэхүү даавуу нь ус болон шингэн, хог шороо нэвтрүүлдэггүй аж. Энэ төрлийн даавууг олон улсад ухаалаг даавуу гэж тодорхойлдог. Нано бүхүүл үүссэн даавуу нь нар салхинд гандахгүй, бороо цасанд норохгүй, ялзарч урагдахгүй зэрэг давуу талтай юм.

ШУТИС-ийн багш, доктор Р.Мядагмаа Герман улсад 2001-2010 онд өөрийн судалгааны ажлаа эхлүүлж ухаалаг даавууг гарган авах аргыг нээжээ. Үүнийг нь Герман улсын патентын газар баталгаажуулж олон улсад хэрэглэх патентын эрхийг олгосон байна. Тэрбээр өөрийн судалгааны ажлаа үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь энэ юм. “Энэ технологийг Монголд анх удаа гаргаж байна. Нэхмэлийн даавуу болон бусад дулаалгын материалд боловсруулалт хийх боломж гарлаа. Бид дэлхийн өндөр технологитой хөл нийлүүлэн алхаж байгаадаа баяртай байна” хэмээн “Эрдэнэт кашмер” компанийн захирал Б.Эрдэнэбаяр хэлэв. Шинэ шугамын тоног төхөөрөмжийг 800 орчим сая төгрөгөөр Герман улсад захиалгаар хийлгэжээ. Энэ дамжлагад хоёр мерт хүртэлх өргөн даавууг боловсруулах боломжтой. Нэг цагт 60-300 метр даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай юм. ШУТИС-ийн ректор П.Очирбат “Манай сургууль шинэ техник технологийг эх орондоо нутагшуулан улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгах, дэмжих үүрэгтэй. Тиймээс инновацийн шинэ технологийн шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн олон судалгааны ажлыг эхлүүлээд байна” гэв.

 

Манай улсад саяхан инновацийг хөгжүүлэх хууль батлагдсан. Ингэснээр их сургуулийн дэргэд үйлдвэрлэлийн, туршилтын инновацийн бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэх эрх зүйн таатай нөхцөл бүрдэж байгаа аж. Өмнө тулгардаг байсан санхүүгийн бэрхшээл шат шатаар багасч урам зориг нэмэгдэж байгааг албаныхан онцолж байв. ШУТИС-ийн эдийн засаг, хөгжлийн тэргүүн проректор Д.Батчулуун “Шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэмтэн судлаачдын оюуны бүтээлийг дэмжих талд түлхүү анхаарч ажиллаж байгаа. Үүний нэг илрэл бол ухаалаг даавууны үйлдвэрийг байгуулахад БШУЯ болон Шинжлэх ухаан технологийн сангаас тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Ихэнх хэсгийг ШУТИС-ийн Технологийн сангаас дэмжиж  гаргасан юм. Манай сургуулийн анхны гарааны компани нээлтээ хийлээ. Бид эхний ээлжинд гэрийн цагаан бүрээсийг нано технолгиор үйлдвэрлэсэн даавуугаар оёж туршсан. Цаашид үйлдвэрийн ажилчдын хувцсыг нано бүрхүүлт даавуугаар хийдэг болно” гэсэн юм.

Нано даавууг үйлдвэрлэлд нэвтүүлэхийн тулд 2011 оноос хэд хэдэн туршилт хийжээ. Тухайлбал, гэрийн цагаан бүрээсийг гурван өөр газар, гурван айлд өгч туршсан байна. Тэдгээр гэрийн цагаан бүрээс цас, бороо нэвтрүүлэхгүй, хаяаны хэсгээрээ ялзарч урагдахгүй байгааг туршилтаар баталсан байна. ШУТИС-ийн багш, доктор Р.Мядагмаа “Цехдээ даавуугаа нэхэж, түүнийгээ шинэ дамжлагаар оруулан нано бүрхүүл үүсгэдэг. Бид даавуу, берзентийг гаднаас авдаг байсан бол дотооддоо үйлдвэрлэдэг боллоо. Нано даавуу нь ус нэвтрүүлдэггүй учраас гэрийн цагаан бүрээс хийхэд хамгийн тохиромжтой” гэв. Нэг удаа худалдаж авсан гэрийн цагаан бүрээсийг ганцхан жил хэрэглэдэг. Энэ нь хүмүүсийн эдийн засагт хүндрэл учруулж байгааг хүмүүс хэлдэг. Харин нано даавуугаар үйлдвэрлэсэн бүрээсийг 2-3 жил хэрэглэнэ гэдгийг үйлдвэрлэгчид онцлов. Энэ технолги 2004 оноос эхлэн Европын орнуудад нэвтэрсэн аж. Ийнхүү Монголчууд бид дэлхийн технологитой хөл нийлүүлэн олон улсад ухаалаг хэмээн тодорхойлж буй даавуугаар эх орондоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо.